Ээлжит бус сонгуулийн дараа хоёр сар гаруйн хугацаанд мухардалд ороод байсан Францын улс төрд гарц олдож Бүгд найрамдах намын гишүүн Мишель Барнье ерөнхий сайдын албан тушаалыг хүлээн авлаа.
Шинэ Ерөнхий сайд ажлаа авсан даруйдаа бүх улс төрийн хүчний саналыг сонсож хамтран ажиллана гэдгээ илэрхийлжээ.
Ерөнхийлөгч Эммануэль Макрон улс төрийн намууд болон боломжит нэр дэвшигчидтэй долоо хоног хэлэлцсэний эцэст Брекситийн асуудлаарх хэлэлцээг ахлаж байсан Мишель Барньег Ерөнхий сайдаар сонгожээ.
73 настай Барнье өчигдөр Матиньоны өргөөндөө хүрэлцэн ирж, сүүлийн найман сарын турш гүйцэтгэх засаглалыг тэргүүлсэн Францын хамгийн залуу Ерөнхий сайд Габриэль Атталаас үүргийг нь хүлээн авлаа.
Түүний нэн тэргүүнд хийх ажил бол Үндэсний Ассемблэйг улс төрийн гурван том жигүүрт хуваасан, үнэмлэхүй олонх болж чадаагүй намуудтай зөвшилцөн засгийн газраа байгуулах явдал юм. Одоогоор зүүн төвийн социалистууд түүний томилгоог илт эсэргүүцэх төлөвтэй байна.