Испани улсын нийслэл Мадрид хотын захиргаа аюулгүй байдлын стандарт шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр түрээсийн скүүтерийн үйлчилгээг зогсоохоор болжээ.
Аравдугаар сарын 1-нээс ийм үйлчилгээ эрхлэгч Lime, Dott, Tier Mobility компаниудын зөвшөөрлийг цуцалж, дахин шинэ зөвшөөрөл олгохгүй байх шийдвэр гаргаснаа Мадрид хотын захирагч Хосе Луйс Мартинес-Алмейда өчигдөр мэдэгдсэн байна.
“Манай оршин суугчдын аюулгүй байдлыг дээд зэргээр хангах хотын захиргааны шаардлагыг үйлчилгээ үзүүлэгчид хангаж чадахгүй нь батлагдлаа” гэж захирагчийн мэдэгдэлд өгүүлжээ.
Мадрид хот гар утасны аппликэйшн ашиглан скүүтер түрээслэх үйлчилгээг хориглосон дэлхийн томоохон хотуудын сүүлийнх болж байна.
Өнгөрсөн онд Францын нийслэл Парис хот ийм шийдвэр гаргаж байв.
Саяхан Австралийн Мельбурн хот мөн хориглохоор болсон.
2023 оны тавдугаар сард Мадрид хотын захиргаа Амстердамд бүртгэлтэй Dott, Германы Tier Mobility, АНУ-ын Lime компаниудад тус бүр 2,000 скүүтер ажиллуулах зөвшөөрөл өгч байжээ.
Ингэхдээ үйлчлүүлэгчид хэрэглэсэн скүүтерээ зөвхөн зориулалтын цэгт орхих, явган хүний замаар зорчихыг хориглох зэрэг хэд хэдэн шаардлагыг хэрэгжүүлэх нөхцөл тавьж байв.
Гэвч өнгөрсөн хугацаанд дээрх шаардлагуудыг биелээгүй гэж үзээд үйлчилгээг бүрмөсөн зогсоох шийдвэр гаргажээ.
Үйлчилгээ үзүүлэгч компаниудад шийдвэрийг давж заалдах 20 өдрийн хугацаа өгсөн байна.
Эх сурвалж: Reuters