Польшийн хилд ойрхон оршдог Львов хот Украины хамгийн аюулгүй хотод тооцогддог байв.
Оросын хил болон фронтын шугамаас хол оршдог тус хотод зүүн Украинаас дүрвэсэн олон арван мянган хүн амьдардаг.
Гэвч өчигдөр буюу Лхагва гарагт тус хот Оросын пуужингийн цохилтод өртжээ.
Энэ үеэр Львов хотын долоон оршин суугч алагдсаны дотор нэг гэр бүлийн дөрвөн эмэгтэй байсан юм.
Тодруулбал гэрийн эзэгтэй 43 настай Евгения, 7, 18, 23 насны гурван охин Эмиля, Дарина, Ярина нарын хамт алагдаж, гэрийн эзэн Ярослав ганцаараа амьд үлджээ.
Агаарын довтолгооны түгшүүр зарлах үед тэд орон сууцныхаа шатны дор нуугдсан байна. Гэтэл Ярославыг гэрийнхэндээ уух ус авчрах гэж түр холдох хооронд дэлбэрэлт болжээ.
Эгч дүүс ээжтэйгээ хамт амь үрэгдсэн энэхүү эмгэнэлт явдал Львов даяар, Украин даяар уй гашуу авчраад байна.
Львов хотын захирагч Андрей Садовый “Өнөөдрийн халдлагын дараа энэ зураг дээрх ганц эрэгтэй амьд үлдлээ. Түүний эхнэр Евгения, гурван охин Ярина, Дарина, Эмиля нар гэртээ амь үрэгдэв. Тэдний эцэг, хань Ярославын сэтгэлийг засахын тулд би юу хэлэхээ ч мэдэхгүй байна” гэж сошиал хуудсандаа гэр бүлийн зургийг нийтлээд бичжээ.
Энэ долоо хоног Украины хувьд онцгой их хохиролтой маш хүнд өдрүүд болж байна.
Мягмар гарагт Оросын пуужингууд Полтава хотын цэргийн сургуульд туссаны улмаас 53 хүн алагдаж, 270 гаруй хүн шархадсан юм.
Эх сурвалж: CNN IKON.mn
Сэтгэгдэл (1)