Туркийн эрх баригчид БРИКСТ элсэх хүсэлтээ хэдэн сарын өмнө өгсөн тухай “Блүүмберг” агентлаг эх сурвалжуудыг эш татан мэдээлжээ.
Тус агентлагийн мэдээлснээр, ийм замаар Турк улс дэлхий дахинд нөлөөгөө бэхжүүлж, хөгжиж буй орнуудтай харилцаагаа өргөжүүлэхийг эрмэлзэж байна. Нөгөөтэйгүүр, тус улс Европын Холбоонд элсэхэд ахиц дэвшил гараагүй, НАТО-гийн холбоотнуудтайгаа санал зөрөлдөөнтэй байгаа тул БРИКС-т элсэхийг сонирхох болжээ.
Барууны орнууд геополитикийн зонхилогч байр сууриа алдаж байна гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган үзэж байгаа бөгөөд тэрбээр олон туйлт ертөнцийн янз бүрийн тоглогчидтой харилцаагаа хөгжүүлэх сонирхолтой байгаа аж.
“Bloomberg”-ийн мэдээлснээр, БРИКС-ийг өргөжүүлэх асуудлыг ирэх аравдугаар сарын 22-24-ний өдрүүдэд Казань хотноо болох БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэж магадгүй байна.
БРИКС гэдэг нь Бразил, Орос, Энэтхэг, Хятад болон Өмнөд Африк гэсэн хөгжиж буй таван орныг эгнээндээ нэгтгэсэн бүлэг бөгөөд энэ таван улсын англи нэрийн эхний үсгээс бүрдсэн товчлол юм.
Тус бүлэг нь 2006 онд анх байгуулагдахдаа БРИК гэсэн нэртэй байсан бол 2011 онд Өмнөд Африк нэгдсэнээр нэрээ БРИКС болгон өөрчилсөн түүхтэй. 2024 оны нэгдүгээр сарын 1-нд Египет, Иран, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Саудын Араб, Этиоп улсууд тус бүлгийн бүрэн эрхт гишүүн болжээ. Энэ онд БРИКС-ийг ОХУ даргалж байна.