Монгол улсад айлчлан ирэх замдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өөрийн улсын зах хязгаар нутаг Тувад саатжээ. Энэ үеэр тэр Кызыл хотын 20 дугаар дунд сургуулийн сурагчидтай уулзаж, гадаад хэл сурахын ач холбогдлын тухай ярьсан байна. Ингэхдээ Путин өөрийнх нь үр ач нар мандарин хэлээр чөлөөтэй ярьдаг болсныг сонирхуулжээ.
Путин 2014 онд эхнэр Людмилагаасаа салсан бөгөөд тэд хоёр охинтой байсан юм. Путиний охидыг англи, герман, франц хэлтэй гэдэг. Гэр бүлийнхнийхээ талаар ховор ярьдаг Путинийг хамгийн цөөндөө гурван зээтэй гэж Оросын хэвлэлүүд мэдээлдэг юм.
“Манай гэр бүлийн багачууд хятад хэлээр чөлөөтэй ярьдаг болсон” гэж Путин өчигдөр сурагчдад хандан хэлжээ. Гэхдээ тэр бас англи хэл сурахын чухлыг энэ үеэр онцолсон байна. “Англи хэл бол хүн төрөлхтөнд мэдлэгээ хуваалцах, соёлоороо нэгдэх боломж олгосон аугаа хэл” гэж тэр хэлжээ.
2022 оны тоо баримтаас харвал одоо ОХУ-д хамгийн түгээмэл хэрэглэгддэг таван хэл нь орос, англи, татар, герман, чечень байна. Харин хятад хэлээр яригчдын тоо нэлээд бага гэсэн судалгааны үр дүн гарчээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд хоёр орны худалдаа, хамтын ажиллагаа улам эрчимжсэний үр дүнд хятад хэл сонирхон судалдаг орос хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа гэсэн мэдээлэл бий.
Өнөөдөр дэлхийн хүн амын 1.5 тэрбум орчим нь англи хэлээр ярьдаг бол мандарин аялгатай хятад хэлээр 1.1 тэрбум орчим хүн ярьдаг. Дараа нь хинди, испани, араб, франц, бенгали, португал, орос, урду хэлнүүд яригчдын тоогоороо удаалдаг юм.
Эх сурвалж: Reuters, ikon.mn