Газын зурваст олон зуун мянган хүүхдийг халдварт саа өвчнөөс сэргийлэх вакцинд хамруулах зорилготой НҮБ-ын тэргүүлсэн дархлаажуулалтын аян ням гарагт эхэлжээ.
НҮБ-ын Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагаас /UNRWA/ мэдээлснээр, Газад бямба гарагт эхний бүлгийн хүүхдүүдийг саагийн вакцинд хамруулсан бол түүнээс нэг өдрийн дараа Газын “дундын бүс”-д вакцинжуулалтын хөтөлбөр албан ёсоор эхэлсэн байна.
Израилын тал байлдааны ажиллагааг цуврал байдлаар түр зогсоохыг зөвшөөрсөн бөгөөд Газын зурвас дахь НҮБ-ын гол агентлаг болох UNRWA дайны хөлд нэрвэгдсэн бүс нутгийн 640 мянган хүүхдийг дархлаажуулах зорилт тавиад байгаа юм. Энэ нь 10-аас доош насны хүүхдүүдийн 90 гаруй хувийг эзэлж байна.
Харин Палестины эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид саагийн вакцинжуулалтыг бүрэн дүүрэн амжилттай явуулахын тулд “бодитоор гал зогсоох” шаардлагатайг онцолжээ. Вакцинжуулалтыг есдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 12-ны хооронд гурван удаа гурван өдрийн хугацаагаар хийхээр төлөвлөсөн байна.
Газад халдварт саа буюу полиомиелит дахин дэгдсэн нь Израилын 10 сар гаруйн турш явуулж буй байлдааны ажиллагааны үр дагаврын илэрхийлэл юм. Энэ оны зургаадугаар сард тус зурваст бохир усны дээжээс уг өвчний вирус илэрсний дараа НҮБ вакцинжуулалтын аян өрнүүлж байна. Уг вирус илэрсний дараа нэгэн нялх хүүхэд сүүлийн 25 жилийн хугацаанд Газад полиомиелитээр өвчилсөн анхны хүн болжээ.
Дайны өмнө Газад полиомиелитийн вакцинжуулалтад ерөнхийдөө бүх хүүхдийг хамруулаад байсан боловч байлдааны ажиллагаа эхэлснээс хойш энэ үзүүлэлт 90 хувиас доошилж буурсан байна. Полиомиелитээр ихэвчлэн 5-аас доош насны хүүхдүүд өвчилдөг бөгөөд халдвар авсан тохиолдолд саажих, цаашлаад үхэлд хүргэх аюултай байна. Энэ нь маш хурдан халдварладаг бөгөөд эмчилгээ байдаггүй. ДЭМБ-ын мэдээлснээр, зөвхөн дархлаажуулалтаар урьдчилан сэргийлэх боломжтой байна.