Дэлхийд хэмжээгээрээ хоёрт орох 2492 каратын очир эрдэнэ буюу алмааз Ботсвана улсад олдсон тухай Канадын уул уурхайн компани мэдэгджээ. Энэ бол тэртээ 1905 онд Өмнөд Африкт олдсон 3106 каратын Куллинан алмаазаас хойш олдсон хамгийн том эрдэнийн чулуу болж байна.
Онцгой том хэмжээтэй эрдэнийн чулууг Карове уурхайгаас бүрэн бүтэн олборлосон гэж Канадын уул уурхайн “Lucara Diamond” компани пүрэв гарагт мэдээлжээ. Тус компани эрдэнийн чулууг “гайхамшигтай олдвор" гэж тодорхойлоод, түүхэн дэх хамгийн том өнгөлж засаагүй алмаазны нэг болохыг онцолсон байна.
“Том хэмжээтэй, асар их үнэ цэнтэй алмаазыг “Mega Diamond Recovery” технологийн ачаар илрүүлж олборлосон” гэж компанийн мэдээлэлд дурджээ.
2015 онд Карове уурхайд “Lucara”-гийн олборлосон 1109 каратын "Леседи Ла Рона" алмааз нь дэлхийд хэмжээгээрээ хоёрт орж байсан юм. 2017 онд уг алмаазыг үнэт эдлэлийн “Graff” компани 53 сая ам.доллароор худалдан авчээ.
“Lucara Diamond”-ын хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, тус компани дэлхийн хамгийн том 10 алмаазын зургааг нь олборлосон байна. Ботсванад хамгийн сүүлд олдсон эрдэнийн чулууг ойрын үед зохих ёсоор үнэлнэ гэж тэрбээр нэмж хэллээ.
Өнгөрсөн сард дэлхийн хамгийн том алмааз олборлогч орон болох Ботсвана улс уул уурхайн компаниудад лиценз олгосныхоо дараа "засгийн газар хувьцаа эзэмших эрхээ хэрэгжүүлэхгүй бол уурхайн хувьцааны 24 хувийг дотоодын хөрөнгө оруулагчдад худалдах ёстой" гэсэн хуулийн төслийг санаачилсан байна.
Дэлхийд хэмжээгээрээ дээд амжилт тогтоосон 3106 каратын Куллинан алмаазыг 1905 онд ӨАБНУ-ын Трансвааль муж дахь Премьер уурхайгаас олж байжээ. Хожим нь уг эрдэнийн чулууг жижиглэн хуваасны заримыг нь Их Британийн хааны титмийн шигтгээ болгожээ.