Газын зурваст эвлэрэл тогтоохтой холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэх зорилго бүхий шинэ хэлэлцээг АНУ, Израилын төлөөлөгчид Каир хотноо пүрэв гарагт эхлүүллээ гэж Египетийн эх сурвалжууд мэдээлжээ.
ХАМАС-ын зүгээс Израилын цэргийг татан гаргахыг шаардсаны дараа Египет-Газын зурвас хоорондын хилийн аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөний талаар зөвшилцөлд хүрэхийн тулд Египет, АНУ-ын төлөөлөгчид уулзсан гэж эх сурвалжууд хэлсэн байна. Уг саналыг Израилын төлөөлөгчдөд пүрэв гарагт танилцуулах бөгөөд Катарын төлөөлөгчид баасан гаргийн хэлэлцээнд оролцох ажээ.
Египет, АНУ, Катар улсууд Газын зурваст гал зогсоох, барьцаанд байгаа израилчууд болон палестин хоригдлуудыг суллах асуудлаар олон сарын турш сунжран үргэлжилж буй хэлэлцээнд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Газын зурвасыг дайран өнгөрдөг зарим коридор, мөн Филадельфийн коридор гэгддэг Газын зурвас болон Египетийн хоорондох хамгаалалтын бүсэд цэргээ үргэлжлүүлэн байршуулах гэсэн Израилын талаас тавьж буй шаардлагууд нь хэлэлцээр байгуулахад хамгийн том саад болж байна.
Египет болон ХАМАС бүлэглэлийнхний хувьд Филадельфийн коридороос Израилын цэргүүдийг гаргахыг эрмэлзэж байгаа аж. Газын зурвас руу зэвсэг оруулахын тулд тус газрыг ашигласан гэж Израилын тал ХАМАС бүлэглэлийг буруутгаж байгаа бол Египетийн талын мэдэгдсэнээр бол, хууль бусаар хил нэвтэрдэг замуудыг хаасан ажээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен энэ долоо хоногийн эхээр Ойрх Дорнодод айлчилсан боловч хэлэлцээнд бодитой ахиц дэвшил гараагүй хэвээр байна.