Ерөнхийлөгч Жо Байден Чикаго хотод болж буй Ардчилсан намын үндэсний их хурал дээр сэтгэл хөдөлгөм үг хэлж, хуралд оролцсон бүх хүний алга ташилтаар үдүүлжээ. Байден “Хэдхэн долоо хоногийн дотор ерөнхийлөгчийн өрсөлдөөнийг өөрийн талд эргүүлж чадсан” хэмээн Харрисыг магтаад “Бидэнд хийх зүйл их байгааг хоёулаа мэдэж байгаа. Гэхдээ бид зөв чиглэлд явж байгаа” гэж хэлжээ. Америкийн дэд ерөнхийлөгч болсон анхны хар арьст эмэгтэй Камала Харрис Ардчилсан намд шинэ амьсгал оруулж, олон нийтийн санал асуулгаар Бүгд найрамдах намын удирдагч Дональд Трампыг гүйцэж түрүүлээд байгаа билээ.
Байден Америкийн түүхэнд гүйцэтгэсэн өөрийн байр суурийг товч илэрхийлээд зогсохгүй өөрийг нь Цагаан ордонд залгамжилна гэж найдаж буй дэд ерөнхийлөгчийн тухай үг хэлж түүнд хүндэтгэл үзүүлсэн байна. Тэрээр “Камалаг өнгөрсөн сонгуульд хамтрагчаараа сонгосон нь миний карьерийнхаа туршид гаргасан хамгийн зөв шийдвэр байсан. Тэр хатуу, туршлагатай, үнэхээр үнэнч хүн” гэж хэлжээ. Тэгвэл Камала Харрис тайзан дээрээс “Гайхалтай ерөнхийлөгч” хэмээн түүнийг магтаж “Жо, таны түүхэн манлайлал, манай үндэстний төлөө насан туршдаа хийж гүйцэтгэсэн бүх зүйлд баярлалаа. Бид танд үүрд талархаж байх болно. Би танд хайртай” гэж хэлэхэд намын гишүүд нь “Бид чамд хайртай, Жо” гэсэн уриа цууриатуулж, 81 настай ерөнхийлөгч нулимс дуслуулан, цугласан олны чих дүлийрэм алга ташилтаар үдүүлсэн байна.