Тэрбумтан Илон Маскын “Neuralink” компани хүний тархинд чип суулгах хоёр дахь мэс ажилбар амжилттай болсныг зарлалаа.
Тус компани энэ оны эхээр анхны мэс заслыг амжилттай хийсэн хэмээн зарлаж байсан ч дөрвөн сар орчмын дараа чипийг тархитай холбосон утас нь салсан талаар мэдээлсэн.
Харин энэ удаагийн туршилтад анхных шиг чипийг тархинд холбосон утас салсан асуудал гараагүй гэжээ.
Тус компани лхагва гарагт хоёр дахь хүнд ижил төстэй асуудлаас урьдчилан сэргийлэхийн тулд мэс заслын үеэр тархины хөдөлгөөнийг багасгах, суулгац болон тархины гадаргуун хоорондох зайг хязгаарлах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн гэв.
Хүний тархинд чип суулгаснаар хүмүүс бодлоороо компьютер удирдах боломжтой болгохоор зорьж буй. Анхны чип суулгуулсан АНУ-ын иргэн Ноланд Арбауын хувьд дөрвөн мөч нь саажилттай бөгөөд чип суулгуулснаар компьютерын төхөөрөмжийг чипийн тусламжтай удирдах боломжтой болсон юм.
Хүний тархинд чип суулгахаас өмнө, 2020 онд гахайнд суулгаж, тархины үйл ажиллагааг нь судалж байсан. Мөн сармагчны тархинд чип суулгаж, видео тоглоом тоглуулах туршилт хийж байв.