Талибаны дэглэм Афганистанд тогтсоны дараа АНУ-ын эрх баригчид өөрийн талд ажиллаж байсан афганчуудыг нутагтаа хүлээн авч, суурьшуулж байгаа.
Тэгвэл тэдний зарим хэсгийг АНУ-д ирэхээс нь өмнө Филиппиний нутаг дэвсгэрт түр байрлуулах тохиролцоонд хүрснээ Вашингтоны албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.
Энэ хугацаанд афганчуудад шаардлагатай орон байр, хүнс, эрүүл мэндийн үйлчилгээ, тээврийн зардлыг АНУ-ын засаг захиргаа хариуцах юм байна.
“Филиппин улсын хамтын ажиллагааны урт удаан, эерэг түүхийг өндрөөр үнэлж, АНУ-ын холбоотон афганчуудад дэмжлэг үзүүлэх болсонд нь талархаж байна” гэж төрийн департамент мэдэгджээ.
Филиппиний нутаг дэвсгэрт хэчнээн афган хүнд виз олгох үйл ажиллагааг зохион байгуулах талаар Вашингтон, Манилагийн албаныхан ямар нэг тоо хэлээгүй байна.
Зарим албан бус эх сурвалжийн мэдээлснээр 300 орчим афган хүнийг Филиппинд түр байрлуулах гэнэ.
Уг тохиролцоо нь 2022 оны сонгуулиар ерөнхийлөгч болсон Фердинанд Маркосын засаг захиргаа АНУ-тай улам нягт хамтран ажиллах болсныг харуулж байна.
Филиппиний өмнөх ерөнхийлөгч Родриго Дутерте хоёр улсын уламжлалт түншийн харилцааг муутгаж, Хятад улстай ойртох бодлого явуулж байсан юм.
2021 онд Талибаны дэглэм Афганистанд тогтсоны дараа 160,000 гаруй афган хүн АНУ-д дүрвэн иржээ.
“Operation Allies Welcome” хөтөлбөрийн хүрээнд АНУ-д шилжин суурьших боломжоо хүлээж байгаа өөр олон мянган хүн гуравдагч улс оронд оршин суугаа гэсэн мэдээлэл бий.
Тэдний ихэнх нь Афганистаныг Өрнөдийн цэргүүд орхин гарахаас өмнө АНУ-ын засаг захиргаанд ажиллаж байжээ.
Эх сурвалж: Aljazeera