Хүнд өвчний улмаас 88 насандаа таалал төгссөн телевизийн нэрт хөтлөгч Фил Донахьюгийн гэгээн дурсгалыг хүндэтгэн Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэл гаргалаа.
Олон жилийн туршид нийгэм-улс төрийн хурц асуудлуудыг хөндсөн ток шоу буюу олон нийтийн хэлэлцүүлгийн нэвтрүүлгийг хөтөлж ирсэн нэрт сэтгүүлч тэрбээр нас барсан тухай телевизийн NBC сувгийн “Today” хөтөлбөрөөр даваа гарагт мэдээлсэн юм.
“Ажилчин ангийн хүү, Кливлендийн католик шашинт гэр бүлд мэндэлсэн тэрбээр Америк орны толь байж, манай эрин үед тулгарч буй хамгийн хүнд хэцүү асуудлуудыг шийдвэрлэхийн тулд бид бүхнийг нэгтгэж байсан” гэж Ерөнхийлөгч онцлон тэмдэглэжээ.
30 жилийн хугацаанд 7 мянга орчим нэвтрүүлэг бэлтгэж, 20 удаа Эмми шагнал хүртсэн тэрбээр өдөр тутмын ток шоуны анхдагч пионер байсан бөгөөд ил далангүй нээлттэй шударга ярилцлагуудаараа хүмүүсийн оюун санааг өөрчлөхөд тус дөхөм үзүүлсэн билээ. Ер бусын сониуч Фил Донахью зочин бүрээ сонирхолтой хүн гэдэг талаас нь харж, бид бүхэн бие биенийгээ дайснууд бус харин эх орон нэгт америкчууд хэмээн харахад тусалж, бидний харилцан ойлголцлыг бэхжүүлэхийн төлөө хичээн зүтгэж байсан” гэж Ерөнхийлөгчийн мэдэгдэлд дурдсан байна.
“Телевизийн салбар дахь түүний гайхамшигт замнал, өдөр тутам хийж байсан хэдэн мянган ярилцлага нь үндэстний харилцан яриа ойлголцлыг чиглүүлсээр ирсэн...Тэрбээр бидэнд маш ихээр үгүйлэгдэх болно” гэж Цагаан ордноос мягмар гарагт нийтэлсэн Ерөнхийлөгчийн мэдэгдэлд өгүүлжээ.