Владимир Путин Мягмар гаригт ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг исламын шашинт Бүгд найрамдах Чечень улсад гэнэтийн айлчлал хийжээ. Сүүлийн 13 жилийн хугацаанд Путин анх удаа Чеченьд айлчилсан нь энэ юм. Түүнийг Чеченийн удирдагч Рамзан Кадыров өөрийн биеэр угтан авсан бөгөөд тэд тусгай хүчний академид зочилжээ. Тус академид сайн дурын дайчид Украинд алба хаахын өмнөх бэлтгэлийг хийдэг. Путин тэднийг магтан сайшааж, тэдэн шиг эрчүүд байгаа цагт ОХУ ялагдашгүй гэж хэлжээ.
Украин дахь дайн эхэлснээс хойш 47 мянга гаруй байлдагч, тэр дундаа сайн дурынхан тус академид бэлтгэл сургуулилалт хийсэн гэж Кадыров телеграмдаа мэдэгджээ.
ЗХУ задран унасны дараа тусгаар тогтнолынхоо төлөө Оросын засгийн газартай олон жил тэмцсэн чеченьчүүд энэ дайнаар зарим нь Украинд, зарим нь ОХУ-д хоёр талд байлдаж байна. Чеченийн тусгаар тогтнолыг дэмжигч агсан Жохар Дудаевт үнэнч сайн дурынхан Украиныг дэмждэг.
Путин айлчлалын хүрээнд Кадыровын эцэг, Чеченийн удирдагч асан Ахмат Кадыровын бунхан, нийслэл Грозный дахь командлалын байр, сүмээр зочилжээ. Төгсгөлд нь Чеченийн удирдагчтай хэлэлцээ хийв. Энэ үеэр удирдагч Рамзан Кадыров Чеченьд Украинчуудтай тулалдахад бэлэн хэдэн 10 мянган нөөц хүчин байгаа гэж мэдэгдэв. Тэднээс Курск руу илгээх эсэхийг тодорхой мэдээлээгүй.
Энэхүү гэнэтийн айлчлалын зорилгыг Путин ч, Кадыров ч тайлбарлаагүй. Гагцхүү Путиныг завгүй хуваарь хүлээж байгаа гэсэн мэдэгдлийг л Кадыров хийжээ.
Чечень дэх айлчлалаас өмнө Путин Хойд Осетийн Кавказын Беслан хотод очжээ. Тэнд Путин 2004 онд исламын дайчдын сургуулийн халдлагаар амь үрэгдсэн хүүхдүүдийн ээжүүдтэй анх удаа уулзсан байна. Уг халдлагаар 330 гаруй хүн нас барсан.
Эх сурвалж: AP