Украины зүүн хэсгийн Покровск хот руу ОХУ хурдацтай урагшилж байгаа тул хүүхэдтэй айл өрхүүдийг өнөөдрөөс эхлэн яаралтай нүүлгэн шилжүүлэхийг тушаажээ. Тус хотод одоогийн байдлаар 53 мянга орчим хүн амьдарч байна.
Покровск бол Украины хамгаалалтын гол хотуудын нэг, Донецк муж дахь ложистикийн гол зангилаа. ОХУ тус хотыг эзлэн авбал Украины хамгаалалтын чадварыг алдагдуулах, хангамжийн замыг тасалдуулах, Донецк мужийг бүхэлд нь эзлэх зорилгодоо хүрэх зэрэг ач холбогдолтой аж. Авдийвкаг эзлэн авсны дараа ОХУ зургаан сарын турш Донецк орчимд давшиж, цэрэг, зэвсгийн ихээхэн хохирол амсчээ.
Албаныхны өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэнээр ОХУ-ын арми хурдацтай урагшилсаар хотын захаас ердөө 10 км зайд ойртож ирээд байна. Сүүлийн зургаан сарын хугацаанд ОХУ Покровск мужид өдөрт хоёр км кв-аар урагшилж байгаа аж. Мөн ойролцоох Торецк хотыг эзэлсэн нь өмнө зүгийн гол бэхлэлт Часив Яр руу нэвтрэх боломжийг Орост ойлгож байгааг Украины цэргийн ерөнхий командлагч Александр Сирський мэдэгдэв. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Даваа гаригт ОХУ-ын арми Донецкийн Зализне хотыг эзлэн авчээ.
Украины нутаг дэвсгэрт Покровскийн тулаан эрчимжиж буй бол ОХУ-ын талд Курск мужид довтолгоон ширүүсч байна. Тэгвэл Украины арми Курск мужид гурав дахь гүүрээ устгасан гэж Оросын цэргийн блоггер мэдэгдлээ. Энэ нь Карыж дахь Сейм голын гүүр аж. Тус гүүрийг устгаснаар голын цаана байгаа орос цэргүүд холбоо харилцаа, хангамжаас үндсэндээ тасрах аж.
Эх сурвалж: AL JAZEERA, GMA