Зөвлөлт Холбоот Улсын тэнгисийн флотын нисэх онгоц тээвэрлэгч асан хөлөг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Шанхай хотын ойролцоох Нантоны цөөрөмд байхдаа түймэрт шатжээ.
Минск нэртэй уг хөлөг сүүлийн найман жил Хөх мөрний сав дагуу орших цөөрөмд байрлаж, дотоод гадаадын жуулчдын үзмэр болж байсан юм.
Баасан гарагийн үдээс хойш Минск хөлөг дээр гал гарч, 24 цагийн дараа унтраасныг Хятадын үндэсний радио маргааш нь мэдээлжээ. Галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгааг бас мэдээлсэн байна.
Цэргийн зэвсэг техникийн паркийн нэг үзмэр болж байсан уг хөлгийг сэргээн засварлаж байх үед гал гарчээ.
1970-1987 оны хооронд Зөвлөлт улс Киев ангиллын дөрвөн нисэх онгоц тээвэрлэгч тэнгисийн хөлөг үйлдвэрлэсний хоёр дахь нь Минск байв.
Арав гаруй нисэх онгоц, ижил тооны нисдэг тэрэг тээвэрлэх багтаамжтай Минск нь одоогийн АНУ-ын тэнгисийн флотын Nimitz ангиллын тээвэрлэгч хөлгийн багтаамжийн талд хүрэхгүй хэмжээтэй байжээ.
Одоогийн Украин улсад үйлдвэрлэж, Беларусийн нийслэлийн нэрээр нэрлэгдсэн хөлгийг 1978 оноос Зөвлөлтийн Номхон далайн флотод ашиглаж эхэлсэн байна.
1991 онд Зөвлөлт Холбоот Улс задрахад Оросын тэнгисийн флотод шилжиж иржээ.
1993 онд Оросын эрх баригчид Минскийг ижил ангиллын өөр нэг тээвэрлэгч хөлөг Новороссийскийн хамт ашиглалтаас гаргаж, Өмнөд Солонгосын нэг компанид төмрийн хаягдал болгон зарсан юм.
Новороссийск хөлгийг Өмнөд Солонгосын Похан боомтод задалсан бол байгаль орчныг хамгаалагчдын эсэргүүцлийн улмаас Минскийг задалж чадаагүй байна.
Ингээд Минскийг 2000 онд Хятадын нэг компани худалдан авч, Шэнжэн хотод “Minsk World” нэртэй зугаа цэнгээний төв болгон ашиглаж эхэлжээ.
Уг бизнес 2016 онд дампуурсны дараа хөлөг одоогийн зогсоол болох Нантонд ирж байрласан юм.
Минсктэй ижил ангиллын бусад гурван хөлгийн нэг нь болох Киев одоо Хятадын Тяньжин хотын тэнгисийн байлдааны хөлгүүдийн музейд үзмэр болон зогсож байгаа.
Үлдсэн нэг нь болох Баку хөлгийг 2004 онд Энэтхэг улс худалдан авч, шинэчлээд 2013 оноос хойш INS Vikramaditya нэрээр одоо болтол тэнгисийн флотдоо ашиглаж байна.