"Шинжлэх ухааны доктор, эдийн засагч Л.Оюун: Эдийн засгийн чиглэлүүд рүүгээ илүү хандвал бодлого нь эдийн засгаа хөтлөөд явчихна"
“Монголын эдийн засгийн чуулган” долдугаар сарын 8-нд “Go Mongolia” уриан дор Төрийн ордонд болно. Нэгдсэн хуралдаан “Бүсчилсэн хөгжил” сэдвээр эхлэх юм. Энэ жилийн чуулганаар ногоон эрчим хүч, эрчим хүчний либералчлал, хот байгуулалт, архитектур, эрчимжсэн хөдөө аж ахуй, аялал жуулчлал, бүсчлэл ба татвар, хөрөнгө оруулалтын бодлого, санхүү, хөрөнгийн зах зээл, цахим эдийн засаг, уул уурхай-хүнд үйлдвэрлэл, шинжлэх ухаан-технологи, хиймэл оюун ухаан сэдэвт салбар хуралдааныг нэгэн зэрэг зохион байгуулах болсон.
Энэ удаагийн Эдийн засгийн чуулганы талаар БСШУЯ-ны “Цахим сургууль” төслийн Бизнес судлал, судлагдахууны үндэсний зөвлөх, Шинжлэх ухааны доктор, профессор, эдийн засагч Л.Оюунтай ярилцсан юм.
-Энэ жилийн эдийн засгийн чуулган “Бүсчилсэн хөгжил” сэдэвтэйгээр ирэх даваа гаригт эхлэх гэж байна. Энэ удаагийн эдийн засгийн форумын онцлогийг та яаж харж байна вэ?
-Сонгуулийн жилд болж байгаагаараа онцлог. Шинэ бүсчилсэн хөгжлийн талаар дорвитой шийдвэрүүдийг гаргах эхлэл тавигдах болов уу гэж харж байгаа.
-14 дэх удаагаа Эдийн засгийн чуулган болох гэж байна. Эдийн засагчийн хувьд энэ удаагийн чуулган өмнөх жилүүдийнхээс дэвшилттэй байж чадна гэж бодож байна уу?
-Уг нь зорилгууд нь тодорхой болсон учраас дэвшилттэй болж болохоор л байна. Гэтэл нэг гол зүйлийг барьж авалгүйгээр салбар салбар луу үсчээд тэр дунд нь шийдвэр гаралгүйгээр өнгөрдөг тал бий.
-Хоёр өдөр үргэлжлэх чуулганд 2000 зочин оролцох нь тодорхой болсон. Бизнес эрхлэгчид, хувийн хэвшил, төрийн байгууллагын төлөөллүүд оролцдог. Энэ олон төлөөлөгч оролцсон чуулганы хамгийн гол үзүүлэлт, үр нөлөө бол тодорхой үр дүнд хүрэх. Энэ зорилго ер нь биелэгддэг үү?
-Бараг үр дүн гардаггүй шүү дээ. Уг нь эдийн засгийн бодлого боловсруулагдах чуулган байх ёстой. Одоо дэлхий даяараа эдийн засгийн форумын чиг хандлага өөрчлөгдөж байгаа. Урьд нь компаниудын нийгмийн хариуцлага гэж ярьдаг байсан бол эв нэгдлийн бизнес хийх тухай хамтын ажиллагааны талаар, нийгэмд ээлтэй байх тал дээр илүү анхаардаг болсон.
Ногоон эдийн засаг, эко эдийн засаг, халамжийн эдийн засаг, тойргийн эдийн засаг гэх мэт эдийн засгийн чиглэлүүд өөрчлөгдөж байгаа учраас энэ тал руугаа хандаасай гэж боддог. Бодлого боловсруулахдаа эдийн засгийн чиглэлүүд рүүгээ илүү хандвал бодлого нь эдийн засгаа хөтлөөд явчихна.
-Жишээлбэл,Монголын эрчимжсэн хөдөө аж ахуйд тус дэм болохоор эдийн засагчдын тусламжтайгаар олон улсын байгууллагаас тусламж хандив хүртэх ч юм уу, тодорхой алхмууд хийгддэг үү?
-Тодорхой зорилгуудаа гаргаж ирж чадахгүй байгаа учраас санхүүжилт, хандив, хөрөнгө оруулалт татаж чадахгүй байна. Эдийн засгийн чуулганыхаа бодлого чиглэлийг тодорхой салбарт төвлөрүүлэхгүй болохоор хэтэрхий саармагжуулаад, тарамдаад байна шүү дээ. Жил жилийнхээ форумыг тодорхой болговол илүү хөрөнгө мөнгө татах тал дээр үр дүн гарах байх гэж боддог.
-Сонгуулийн жил төсөв ихээр нэмэгддэг. Энэ утгаараа сонгуулийн дараа эдийн засаг хэр савлагаатай болдог вэ?
-Онцгой өөрчлөлт гардаггүй. Амласан амлалтаа биелүүлж байна гэсэн нэрийдлээр хичээж, хэрэгжүүлж байгаа зүйл харагддаггүй.Тийм болохоор дөрвөн жилийн дараа үр дүн нь гарахад дүгнэж болно.
14 дэх удаагийн Монголын эдийн засгийн чуулганд нийт 2000 зочин оролцох болжээ. Үүнд:Төр, засгийн 300 төлөөлөл, олон улсын 500 зочин, олон улсын байгууллага, ЭСЯ-ны 100 төлөөлөл, хувийн хэвшил 500, эрдэмтэн судлаач 100, оюутан залуус 500 оролцох юм байна.
Чуулган Төрийн ордны Их танхим, “Чингис хаан” Үндэсний музейд тус бүр болно.
Өдрийн сонин