Өмнөд Солонгосын аж үйлдвэрийн яам дахин 243 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Орос, Беларусь улсуудад экспортлохыг хориглосноо баасан гаригт зарлажээ. Эдгээр бараа бүтээгдэхүүнүүдийг цэрэг дайны зориулалтаар ашиглахаас сэргийлэх зорилгоор ийм хориг арга хэмжээ авсныг Yonhap News мэдээлсэн байна.
Шинэ хориг гарсны дараа Украины дайн эхэлсэн цагаас хойш Өмнөд Солонгосын экспортын хоригт багтсан бараа бүтээгдэхүүний тоо 1,402 болж өсчээ. Шинээр нэмэгдсэн бараа бүтээгдэхүүнд металл тастагч багаж, оптикийн багаж хэрэгсэл, төрөл бүрийн мэдрэгчүүд багтсан байна. Өмнө нь байгуулсан бизнесийн гэрээ хэлцлийн дагуу хориотой барааг Орос, Беларусь улсуудад нийлүүлэх бол Өмнөд Солонгосын худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамнаас зөвшөөрөл авах ёстой болжээ.
Энэ сарын эхээр Орос, Умард Солонгосын удирдагчид стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээ байгуулсны дараа Өмнөд Солонгос улс экспортын хоригоо өргөжүүлж болзошгүйг тус улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Чан Хо Жин мэдэгдэж байсан юм. Шинэчилсэн хоригийн жагсаалтыг бэлтгэл ажлыг хангасны дараа наймдугаар сарын сүүлээр хэрэгжүүлж эхлэх гэнэ.