Францын Үндэсний Ассамблей буюу парламентын доод танхимын ээлжит бус сонгуулийн эхний шат өнөөдөр болно. Энэ удаагийн сонгууль нь сонгуулийн кампанит ажил маш богино хугацаанд буюу гурван 7 хоног хүрэхгүй хугацаанд үргэлжлэх ба ирэх сарын 26-нд Парист эхлэх Олимпын наадмын бэлтгэл ажлын ид үетэй давхцаж байна.
Үндэсний Ассамблейн 577 суудлын төлөө ерөнхийлөгчийн төвч үзэлт эвсэл, барууны үзэл баримтлалтай “Үндэсний нэгдэл” нам болон зүүний намуудын “Шинэ ардын фронт” эвсэл өрсөлдөнө. Нэр дэвшигчид эхний шатанд ялахын тулд тойргийнхоо сонгогчдын талаас илүү хувийнх нь саналыг авах ёстой. Түүнчлэн эхний шатанд хамгийн багадаа 12.5 хувийн санал авсан нэр дэвшигчид дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй. Хоёр дахь шатны санал хураалт ирэх сарын 7-нд болно.
Зургаадугаар сарын 9-нд болсон Европын парламентын сонгуульд “Сэргэн мандалт” нам нь томоохон ялагдал хүлээсний дараа Ерөнхийлөгч Эммануэл Макрон парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль зарласан юм. Ээлжит бус сонгууль явуулснаар Францын удирдагч хууль тогтоогчдын дунд өөрийн бодлогод найдвартай дэмжлэг авахын тулд эрх баригч эвслийн улс төрийн баазыг өргөжүүлнэ гэж найдаж байна.
Гэвч сүүлийн үеийн санал асуулгуудын дүн Макроны дэмжигчид байр сууриа бэхжүүлж чадаагүй болохыг харуулжээ. Судалгаануудаас харахад ерөнхийлөгчийн эвсэл баруун, зүүний үзэл баримтлалтай өрсөлдөгчдөдөө ялагдаж, гуравдугаарт орж магадгүй байна. Одоогийн байдлаар "Үндэсний нэгдэл" нам рейтингээрээ хол зөрүүтэй тэргүүлж байна. "Шинэ ардын фронт" барууны өрсөлдөгчдөөсөө хоцорч байгаа хэдий ч эрх баригч эвслээс нэлээд түрүүлж байна.