БАНГКОК, 2024 оны зургаадугаар сарын 24 /volleyballworld/. Тайланд улсад болсон Волейболын үндэстнүүдийн лигийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолтод Италийн шигшээ баг Японы багийг 3:1 (25:17, 25:17, 21:25, 25:20) харьцаагаар хожсоноор аваргын цомыг хүртлээ.
Италийн волейболчин бүсгүйчүүд түүхэндээ хоёр дахь удаагаа Үндэстнүүдийн лигт түрүүллээ. 2022 оны шийдвэрлэх тоглолтод Италийн шигшээ Бразилын багийг хожиж (3:0) байв. Тэд аваргын цомын хамт нэг сая ам.долларын шагнал хүртжээ.
Японы шигшээ багийн хувьд 500 мянган ам.долларын шагнал хүртсэн бөгөөд япончууд анх удаагаа тус тэмцээний медальт байрт шалгарч байна. Гуравдугаар байрын төлөөх тоглолтод Польшийн баг Бразилын волейболчдыг 3:2-ын (25:21, 26:28, 25:21, 19:25, 15:9) харьцаатай хожиж, 2023 оны хүрэл медалиа хамгаалж чаджээ.