Бямба гарагт Төв Америкийн Хондурас улсын ерөнхийлөгч Сиомара Кастро нийгмийн аюулгүй байдлыг сайжруулах, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх цогц төлөвлөгөөг зарлажээ.
Тухайлбал зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэх, хар тамхины наймаачдыг террорист ангилалд оруулах, шоронгийн зай багтаамжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг танилцуулсан байна.
Эдгээрээс хамгийн сонирхолтой арга хэмжээ нь 20,000 хоригдлын багтаамж бүхий “мега шорон” байгуулах төлөвлөгөө байлаа.
Хөрш Эль Сальвадор улс саяхан бас гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд 40,000 хоригдлын багтаамжтай шорон байгуулсан нь нийт Латин Америкийн хамгийн том шорон болсон юм.
Хондурас улсын зүүн бүсийн Оланчо мужийн нутагт хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдийг хорих 20,000 хүний багтаамжтай шорон байгуулах ажил ойрын үед эхлэхийг тус улсын зэвсэгт хүчний ерөнхий штабын тэргүүн, хошууч генерал Рузвельт Эрнандез мэдээлжээ.
10 сая хүн амтай Хондурас улсын нийт шоронгийн багтаамж 13,000 байдаг ч одоогоор 19,500 орчим хүн хоригдож байгаа юм байна.
Өнгөрсөн онд ерөнхийлөгч Кастро тус улсын эргээс 250 км зайтай оршдог Ислас дел Сисне арал дээр 2,000 хүний багтаамжтай шорон байгуулах төлөвлөгөөг зарлаж байв. Энэ төлөвлөгөө хэрэгжвэл дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст оршдог цорын ганц арлын шорон болох юм.
Эль Сальвадор улсын ерөнхийлөгч Найб Букелегийн гэмт хэрэгтэй хатуу аргаар тэмцэж буй туршлага сүүлийн жилүүдэд Төв Америкийн орнуудын дунд үлгэр жишээ болоод байгаа.
Хондурасын зүүний үзэлтэй ерөнхийлөгч Сиомара Кастро хөршийнхөө туршлагыг авч хэрэгжүүлэхээр идэвхтэй ажиллаж байна.
Өнгөрсөн долоо хоногт тус улсын дотоод хэргийн сайд Густаво Санчез 2024 оны эхний таван сард бүртгэгдсэн аллагын тоо өнгөрсөн оны ижил хугацаатай харьцуулахад 20 хувиар буурсныг мэдээлсэн юм.
Гэхдээ ажиглагчид Букелегийн загвар илүү хүчирхэг гэмт хэргийн бүлгүүдтэй, авлига гүнзгийрсэн Хондураст үр дүнгээ өгнө гэдэгт эргэлзэж байна.
Эх сурвалж: Associated Press