Энэ долоо хоногт Өмнөд Солонгост ажил, амьдралын тэнцвэрийг сайжруулах асуудлаар засгийн газар, ажилтан, ажил олгогч гурван талын оролцсон яриа хэлэлцээ эхлэхээр төлөвлөгджээ.
Эхний уулзалт энэ долоо хоногийн Баасан гарагт зохион байгуулагдахыг тус улсын ерөнхийлөгчийн дэргэдэх Эдийн засаг, Нийгэм, Хөдөлмөрийн асуудал хариуцсан зөвлөл Ням гарагт мэдээлсэн байна.
Ажилтнуудыг Солонгосын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбоо (FKTU), ажил олгогчийг Солонгосын Аж Ахуйн Нэгжүүдийн Холбоо (KEF) болон бусад бизнесийн лобби бүлгүүд төлөөлөхөөр болжээ.
Одоо тус улсад долоо хоногийн ажлын нийт цагийг 52-оор хязгаарлах, үүний 40 нь үндсэн ажлын цаг, 12 нь илүү цаг байх хууль үйлчилж байгаа.
Гэхдээ энэ хязгаарлалт ажил, амьдралын тэнцвэрийг хангах үндсэн зорилгоо биелүүлж чадахгүй байна гэж үздэг.
2022 онд нэг солонгос хүн дунджаар 1,901 цаг ажилласан нь Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын (OECD) гишүүн орнуудын дунджаас 149 цагаар илүү байгаа юм.
Засгийн газар болон бизнесийн төлөөлөл одоогийн ажлын долоо хоногийн системийг илүү уян хатан болгож өөрчлөх саналтай байна.
Харин үйлдвэрчний эвлэлүүд үүнийг эсэргүүцэж, ингэвэл нийт ажиллах цагийн урт улам нэмэгдэх эрсдэлтэй гэж үзэж байгаа.
Тус улсын хамгийн том хоёр үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо болох FKTU болон Солонгосын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Нэгдсэн Эвсэл дээрх сайжруулалтын оронд шууд ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийн систем нэвтрүүлэх саналтай байна.
Дөрөвдүгээр сард болсон парламентын сонгуулийн кампанит ажлын үеэр гол сөрөг хүчин Солонгосын Ардчилсан Нам ажлын 4.5 хоногтой долоо хоногт шилжих амлалт өгч байжээ.
Эх сурвалж: Korea Times