K-pop урлагийг дэлхий дахинд таниулсан Өмнөд Солонгосын BTS хамтлагийн хамгийн ахмад гишүүн Jin өнөөдөр хугацаат цэргийн албаа хааж дуусгажээ.
Тус улсын эрүүл мэндийн шаардлага хангасан бүх эрэгтэйчүүд 18-21 сарын хугацаанд цэргийн алба заавал хаах үүрэгтэй байдаг.
Jin-ий хувьд цэрэг татлагын төвд сургалтын туслах багшаар 18 сар алба хаагаад халагдаж байна.
Сөүл хотоос хойд зүгт 61 км зайтай орших Ёнчонд байрладаг 5 дугаар Явган Цэргийн Дивизэд алба хаасан Jin хамт алба хаасан цэргүүдтэй салах ёс гүйцэтгэснийхээ дараа өнөөдөр өглөөний 9:00 цагт хуарангийн хашаанаас гарч иржээ.
Түүнийг хамтлагийн таван гишүүн J-Hope, RM, Jimin, V, Jungkook нар баяр хөөртэй тосож авсан байна. Долоон гишүүнээс зөвхөн Suga тэнд байгаагүй юм.
Цэргийн найрал хөгжмийн ангид алба хааж буй RM энэ үеэр хамтлагийнхаа “Dynamite” хит дууны аяыг саксофон хөгжмөөр тоглон Jin-д баяр хүргэжээ.
Хамтлагийн бусад гишүүд бүгд одоо цэргийн алба хааж байгаа бөгөөд тэд өнөөдөр Jin-ий халагдсаныг Сөүл хотод тэмдэглэхээр чөлөө авцгаасан юм байна.
BTS хамтлагийн менежмэнтийг хариуцдаг BigHit Music агентлаг цэргийн ангийн гадна олон хүн цуглахаас сэргийлэх үүднээс фэнүүдэд ирэхгүй байхыг уриалж, үйл явдлыг онлайнаар шууд дамжуулжээ.
Jin-ий дараа J-Hope энэ оны аравдугаар сард цэргээс халагдах төлөвтэй байгаа.
Бүх гишүүд албаа хааж дууссанаар BTS хамтлаг 2025 онд дахин нэгдэж, уран бүтээлээ үргэлжлүүлэх юм.
Эх сурвалж: Yonhap News