Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын оролцдог аюулгүй байдлын хамгийн том чуулган болох "Шангри-лагийн яриа хэлэлцээ" өнгөрөгч долоо хоногт болж өндөрлөлөө. Чуулганаар Ази-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын тулгамдсан хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, талууд хоёр болон гурван талт яриа хэлэлцээ, хамтарсан мэдэгдэл гаргасан байна.
Мөн энэ удаагийн чуулганд Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленский оролцсон нь чуулганы олон улсын анхаарлыг татсан голлох хэсэг байлаа гэж олон улсын агентлагууд бичиж байна. Чуулганд Ази-Номхон далайн бүс нутгийн улс орнуудын Батлан хамгаалахын сайд нар оролцсон. Хэдийгээр Ази-Номхон далайн бүсийн уулзалт боловч тив дэлхийн анхаарлыг татаж байгаа Украины дайнтай холбоотойгоор Ерөнхийлөгч Володимир Зеленский энэ аюулгүй байдлын чуулганд оролцсон байна.
Сингапурт болсон энэ чуулганы үеэр Володимир Зеленский дэлхийн улс орнуудыг энэ сард Швейцарын Женев хотод болох Украины энх тайвны хуралд хүрэлцэн ирж оролцохыг урьсан байна. Украины энх тайвны хурлаар Володимир Зеленский одоо үргэлжилж байгаа дайны галыг зогсоох өөрийн төлөвлөгөөг танилцуулна гэж дурджээ.
Мөн Азийн, дэлхийн батлан хамгаалах салбар хүчирхэг гүрнүүдийг улсад нь цэргийн тусламж үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Тэр дундаа агаарын дроноос хамгаалах систем хөгжүүлэхэд нь технологи, санхүүгийн хэлбэрээр туслахыг хүсжээ.
Одоо үргэлжилж байгаа дайны галыг зогсоож, энх тайван авчрахад дипломат арга зам хамгийн чухал гэж онцолсон байна. Энэ сарын 15, 16-нд Женевт болох энх тайвны хуралд нь дэлхийн 100 гаруй улс, олон улсын байгууллагын төлөөлөл оролцоно гэж мэдэгджээ.
"Шангри-лагийн яриа хэлэлцээ"-ний анхаарлыг Украины Ерөнхийлөгчийн үг ихээхэн татсан ч чуулганы голлох аженда нь Өмнөд Хятадын тэнгисийн асуудал байсан. Энэ чуулганд Өмнөд Хятадын тэнгист эргүүлд гардаг улсуудын эргийн хамгаалагчид очиж оролцсон.
Эргийн хамгаалалтын удирдлагууд Өмнөд Хятадын тэнгис дэх Хятад улсын өсөн нэмэгдэж байгаа түрэмгий ажиллагаануудын талаар хэлэлцсэн. Өмнөд Хятадын тэнгист хиллэж, харуулаа илгээдэг Филиппин улс Хятадын харуулын ажиллагааг шүүмжилсэн бол АНУ-ын зүгээс Филиппиний эргийн хамгаалагчдад усан хилээ хамгаалахад нь тусална гэж мэдэгджээ.
"Шангри-лагийн яриа хэлэлцээ" чуулганы томоохон оролцогчдын нэг болох Хятадын Батлан хамгаалахын сайд Дун Жүн харин Тайванийн асуудлаар үг хэлсэн байна. Тэрбээр Тайвань бол Хятадын нэг хэсэг, дотоод асуудал нь, тиймээс гадны улс орнууд Тайвань, Хятадын асуудалд оролцох эрхгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.
Мөн Тайванийг Хятадаас салгах гэсэн хэн ч байсан буруу зүйлээрээ хөөцөлдөж байгаа хэрэг гэж анхааруулсан байр суурь илэрхийлжээ. БНХАУ нь Тайванийг өөрийн нэг хэсэг гэж үздэг. Тиймдээ ч тусгаар тогтнолын асуудлыг нь хүлээн зөвшөөрдөггүй. Өнгөрсөн сард Тайванийн шинэ Ерөнхийлөгч Лаи Чинь Тэ тангараг өргөхдөө Тайвань Хятадтай түншилж харилцана гэж хэлсэн нь Хятадын хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй үг байсан гэж улс төр судлаачид үзэж байна.
Үүний дараа БНХАУ Тайванийн арлын ойролцоо цэргийн сургуулилалт явуулсан нь олон улсын анхаарлыг татсан юм. Тиймээс энэ удаагийн "Шангри-лагийн яриа хэлэлцээ"-ний голлох сэдвүүдийн нэг нь Тайвань-Хятадын харилцаа байсан юм.