Колумбийн конгресс бухтай тулалдах үзүүлбэрийг /коррида/ хориглосон хуулийн төслийг мягмар гарагт баталжээ. Маргаан дагуулдаг хэдий ч хүмүүсийн сонирхлыг ихээхэн татдаг бухтай хийх тулаан Өмнөд Америкийн тус улсад олон зуун удаа зохиогдож жил бүр олон мянган үзэгчийг татаж ирсэн юм.
Энэхүү хууль батлагдсанаар Колумби нь бухтай тулалдахыг хориглосон Бразил, Чили, Аргентин, Уругвай, Гватемал гэсэн бүс нутгийн бусад улсуудын эгнээнд нэгдэнэ.
2027 оноос өмнө Колумбийн эрх баригчид одоо орлого нь корридагаас шууд болон шууд бусаар хамааралтай олон арван мянган хүнд өөр ажил олоход туслах шаардлагатай болох юм. Түүнчлэн тулаан болдог байсан байгууламжуудыг бусад спорт, соёлын арга хэмжээг зохион байгуулахад зориулан шинэчлэн өөрчлөх ажээ.
Хууль тогтоогч, байгаль орчныг хамгаалагч Хуан Карлос Лосада энэ алхмыг “чухал ач холбогдолтой түүхэн үйл явдал” хэмээн тодорхойлжээ. Тэрбээр Франс Пресс агентлагт ярилцлага өгөхдөө, Колумби улс “амьтныг тамлан зовоож буй үйлдэл болох энэ тулааныг соёлын нэг хэлбэр гэж үздэг” орнуудын “гаслант жагсаалт”-аас гарах болно гэсэн байна.
2018 онд Колумбийн Үндсэн хуулийн шүүх корридаг соёлын уламжлалын нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрч байжээ.
montsame.mn