Палестиныг тусгаар улсаар хүлээн зөвшөөрөх тухай тогтоолын төслийг Данийн парламент дэмжсэнгүй. 83 нь эсэргүүцэж, 21 нь дэмжиж, хоёр гишүүн түдгэлзсэнийг парламентын цахим хуудсанд мэдээлжээ.
Палестиныг тусгаар улсаар хүлээн зөвшөөрөх тогтоолын төслийг тус улсын сөрөг хүчний дөрвөн нам энэ оны хоёрдугаар сард өргөн барьсан. Дөрөвдүгээр сард уг төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Гадаад хэргийн сайд Ларс Лёкке Расмуссен “Дани улсын хувьд ямар ч урьдчилсан нөхцөл байхгүй гэсэн ганц шалтгаанаар тусгаар тогтносон Палестин улсыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Бид энэ тогтоолыг дэмжихгүй, гэхдээ дэмжих өдөр ирээсэй гэж хүсэж байгаа" гэсэн байна” гэжээ.
Норвег, Испани, Ирланд улсууд өчигдөр Палестиныг тусгаар улсаар албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байна. Хоёр өдрийн өмнө Норвегийн Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйде албан ёсоор хүлээн зөвшөөрснийг баталгаажуулсан баримт бичгийг Палестины засаг захиргааны Ерөнхий сайд Мухаммед Мустафатай Брюссельд уулзах үеэрээ гардуулжээ. “Хэрэв бусад орон Норвегийн жишээг дагавал эл шийдвэр нь Ойрх Дорнодын байдлыг тайван замаар зохицуулах хүчин чармайлтад томоохон түлхэц өгч чадна” гэж Эспен Барт Эйде хэлсэн байна.
Харин Израил улс Палестиныг тусгаар улсаар хүлээн зөвшөөрөхийг эрс эсэргүүцэж байгаа юм. Герман улсын хувьд Палестиныг тусгаар улсаар хүлээн зөвшөөрөх төлөвлөгөөгүй, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Палестиныг дангаар хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна.