Израилын тал Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг суллах асуудлаарх хэлэлцээг Египет, Катар, АНУ-ын зуучлалаар ХАМАС-тай ирэх долоо хоногт үргэлжлүүлэхээр тохиролцлоо гэж Израилын төрийн өмчит "Кан" телевиз мэдээлжээ.
Израилын Моссад тагнуулын агентлагийн дарга Давид Барнеа баасан гаригт Парист болсон уулзалтын үеэр Израилын онц байдлын засгийн газрын баталсан шинэ саналыг АНУ-ын Тагнуулын төв газрын тэргүүн Уильям Бернс болон Катарын Ерөнхий сайд Шейх Мохаммед бин Абдулрахман бин Жассим Аль Танид танилцуулсан байна.
Израилын засгийн газрын нэрээ нууцлахыг хүссэн албан тушаалтны хэлснээр Египет, Катараас дэвшүүлсэн шинэ саналуудын дагуу хэлэлцээг энэ долоо хоногт АНУ-ын оролцоотойгоор үргэлжлүүлэх юм байна.
"Кан" телевизийн мэдээлснээр, У.Бернс өмнөх хэлэлцээнүүд мухардалд ороход нөлөөлсөн маргаантай асуудлуудыг шийдвэрлэх боломжит хувилбаруудыг санал болгосон бөгөөд удахгүй болох хэлэлцээг Египет, Катар удирдаж, АНУ идэвхтэй оролцох аж. Газын зурваст гал зогсоох асуудлаарх энэ сарын эхээр Египетэд болсон өмнөх хэлэлцээ мухардалд орсон юм.