"Их Долоо"-гийн бүлгийн Сангийн сайд, Төв банкны тэргүүн нарын хоёр өдрийн уулзалт Италийн хойд нутгийн Стреса сууринд баасан гарагт эхэлжээ.
Талууд дэлхийн эдийн засгийн байдал, түүнд учирч болох эрсдэлүүд, тэр дундаа АНУ дахь инфляцын байдлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн Украины дайн, Ойрх Дорнод дахь хурцадмал байдал зэрэг нь эрчим хүчний үнэ, худалдаанд хэрхэн нөлөөлж буй талаар санал бодлоо солилцоно.
Хуралд Японы Сангийн сайд Сүзүки Шүничи, Япон банкны тэргүүн Үэда Казүо нар оролцож байна. Хэлэлцэх асуудлуудын тоонд мөн Оросын битүүмжлэгдсэн хөрөнгийг хэрхэн зарцуулах тухай асуудал багтсан байна.
Хэлэлцүүлгийн явцад Хятад улс цахилгаан автомашиныг эрэлтээс хэтрүүлэн үйлдвэрлэж байгаа талаар, мөн санхүү, эдийн засгийн салбарт хиймэл оюун ухааныг ашиглах нь нэмэгдэж байгаа зэрэг асуудлыг хөндөж магадгүй байна.