“Титаник”, “Бөгжний эзэн” кинонуудад бүтээсэн дүрээрээ алдаршсан Английн жүжигчин Бернард Хилл 79 насандаа таалал төгссөнийг түүний гэр бүлийнхэн ням гаригт мэдэгджээ.
Б.Хилл 1997 оны “Оскар”-ын наадмын дээд шагналыг хүртсэн “Титаник” кинонд ахмад Эдвард Смитийн, “Бөгжний эзэн” цувралд Теоден хааны дүрийг бүтээсэн юм. “Бөгжний эзэн” цуврал киноны хоббитууд болох Фродо, Сэм, Мерри, Пиппин нарын дүрд тоглосон Элайжа Вүүд, Шон Астин, Доминик Монаган, Билли Бойд нар түүнд хүндэтгэл үзүүлжээ.
“Бид түүнд хайртай. Тэр зоригтой, хөгжилтэй, гайхалтай хүн байсан” хэмээн Ш.Астин дурсан ярьжээ. Б.Бойдын хувьд Д.Монагантай хамт “Бөгжний эзэн” киног үзэж байснаа дурсаад, Толкин зохиолчийн бичсэн үгийг Бернард шиг гайхалтай хэлэх нэгэн байхгүй гэж бодож байна гэж хэлжээ.
Түүний анх олонд танигдсан дүр нь 1982 онд BBC телевизийн “Boys from the Blackstuff” кинонд бүтээсэн Йоссер Хьюзийн дүр байжээ. Тэрбээр уг кинонд Ливерпүүл дэх ажилгүйдлийг даван туулахын төлөө тэмцэж буй эрийн дүрд тоглож байв.
Б.Хилл ням гаригийн өглөө таалал төгссөн бөгөөд түүний сүйт бүсгүй Алисон, хүү Габриел нар нь дэргэд нь байсныг түүний төлөөлөгч Лу Кулсон мэдэгдсэн байна.
“Boys from the Blackstuff” киноны зохиолыг бичсэн Алан Блисдейл мэдэгдэхдээ, Бернард Хилл мөнх бусыг үзүүлж нөхөж болшгүй гарз хохирол учирлаа гээд, Йоссер Хьюзийн дүрийг бүтээхийн тулд Бернард бүхнээ зориулж байсныг та бүхэн үзэгдэл бүрээс харж болно хэмээн хэлсэн байна.
Сэтгэгдэл (2)