"Таймс" сонины сэтгүүлч Клэр Мозес Орос Украины дайныг эхнээс нь сурвалжилсан мэргэжил нэгт Майкл Швирцтэй дайны хөлд нэрвэгдсэн улсад хэрхэн амьдарч байгаа талаар ярилцжээ.
Клэр: Сайн уу, оройн хоолны үеэр ярилцсанд баярлалаа.
Майкл: Би идэж байхдаа, сайн ярьдаг. Одоо Грекийн салат идэж, шар айраг ууж байна. Энэ бол өчүүхэн зүйл, гэхдээ дайны эхэн үед улс даяар архины хориг байсан. Хүмүүс энэ талаар үнэхээр сахилга баттай байсан. Хүн бүр Оросыг юу юугүй дайрах гэж байна гэж бодсон бөгөөд тэд тулалдаанд бэлэн байх ёстой учраас олон дэг журам тогтоож, хориг тавьсан байсан. Архины төрлийн ундаа хорих нь үүний нэг хэсэг. Мөн маш олон хүн буу олж авсан. Тэд яагаад одоо архины хорио цээрийг цуцалсаныг би сайн мэдэхгүй байна. Магадгүй энэ нь дайн хүмүүсийн ойлгодог хэмнэлд орсонтой холбоотой байх.
-Анх түрэмгийлэл ямар байсан бэ?
-Аймшигтай, ойлгомжгүй байсан. Агаарын дайралт, их бууны дайралт болж, юу болоод байгааг хэн ч мэдэхгүй. Хотууд хаагдсан. Эхний өдөр би зүүн зүгийн Славянск хотод байсан. Орой 8 цагийн орчимд хоол хайж байсан юм. Тэр даруй бүх зүйл хар өнгөтэй болсон.
-Украинчууд одоо юу хийж цагаа өнгөрүүлж байна вэ?
-Олон хүн ажиллахгүй байна. Сайн дурынхан хаа сайгүй байгаа. Цэргүүдийг тав тухтай байлгах, хоол хүнсээр хангах, пальто хүрэм, хувцас, ор дэрний цагаан хэрэглэл оёх зэрэг сайн дурынхны асар том ажиллагаа явагдаж байна. Зарим хүмүүс машинаа хандивлаж байна. Зарим нь шөнийн харааны шил, дрон худалдаж авах мөнгө цуглуулж байна. Энэ бол асар том ажиллагаа шүү дээ. Өөртөө тусалж чадахгүй байгаа хүмүүст туслахын тулд улс орон даяар ийм хүчин чармайлт гаргаж байгааг харж байна. Би хотын удирдлагын байрны хонгилд хоносон хүмүүст тусламж хүргэхээр хайрцаг савлаж байсан өсвөр насны хүүхдүүдтэй таарч байлаа. Харахад үнэхээр сэтгэл өвдөм. Хүмүүс өдрийг ингэж өнгөрөөдөг. Энэ улсад дайнаас өөр зүйл байхгүй. Хэрэв та зурагтаа асаавал энэ нь өдөр бүр дайны тухай л гарна. Украины дуучдын эгшиглүүлсэн эх оронч дуунуудад хааяа мэдээ завсарлага дундуур явдаг.
-Энэ их эх оронч сонсогдож байна?
-2014 оноос хойш эх оронч үзэл улам хүчтэй болсон ч одоо бол түүнээс зайлсхийх боломжгүй. Жишээлбэл, би Украины төрийн дууллыг толгойноосоо салгаж чадахгүй байна. Та үүнийг машин, дэлгүүр, хүнсний дэлгүүрт байнга сонсоно. Хүмүүс зогсоод зүрхэндээ гараа тавиад байдаггүй. Гэхдээ л энд тэндгүй эргэн тойрон сонсогдож байна.
-Цахилгаан, дулаан зэрэг наад захын хэрэгцээ хэр байна вэ?
-Энэ нь тухайн газраас хамаарна. Урд талд, зүүн талд маш бага байгаа. Цахилгаан, хий, ус байхгүй. Саяхан би Авдиевка хотод өдөржин хонгилд олон хүн сууж байсан фронтод очсон. Хүн бүр бүх нөөцөө нэгтгэж байсан. Эрчим хүчний хувьд хүмүүс генератортой болсон байсан.
-Эдгээр газруудад хүмүүс хэрхэн шүршүүрт орж, угаалгын өрөө ашиглаж байна вэ?
-Авдийвка хотод ус байхгүй. Албаныхан ялгадсыг заавал ачуулах ёстой, 200 хүн нэг бие засах газар хэрэглэж байсан энэ нэг орон сууцны хороололд очиход ус аваад гараар хийж урсгасан. Энэ бол харгис. Энэ нь байнгын бөмбөгдөлтийн тухай яриа биш. Гэхдээ олон газар интернет ажиллаж байна. Утаснууд зүгээр байгаа. Авдиевка хотын удирдлагууд нарны эрчим хүчээр ажилладаг цэнэглэгч станцуудыг байрлуулж, хүмүүс утсаа цэнэглэж байна.
Байрандаа үлдсэн хүмүүс юу ч хийж чадахгүй. Хүмүүс гарч ирээд байшингийнхаа хашаанаас хэтрэхгүй. Байрных нь хашаа гэдэг бол фронтын хот, тосгонд нийгэмших цөөхөн газрын нэг юм. Хүмүүс ихэнх нь ил гал дээр хоол хийж байна.
-Украинчуудын сэтгэл санааг хэрхэн дүрслэх вэ?
-Хүмүүс өмнөх амьдралаа санаж байна. Магадгүй хэзээ ч эргэж ирэхгүй тэр амьдрал. Тэд дайчлах горимд шилжсэн байдалтай байнга байдаг. Тэд сайн дурын ажил хийж, хамаатан садандаа анхаарал тавьдаг, эсвэл тулалдахаар явдаг. Өөрийгөө эргэцүүлэн бодох мөчид хүмүүс юу хийж байгааг би мэдэхгүй. Гэхдээ би гадуур явж байхдаа тэднээс нэг их цөхрөлийг олж хардаггүй. Бөмбөгдөлтийн дунд ч гэсэн хүн бүр маш зоригтой байдаг.
-Тэд анхаарлаа сайн төвлөрүүлж байгаа бололтой?
-Хэн ч өөр юу ч ярихгүй байна. Нэг удаа би мөсөн гулгуурын талбай дээр сайн дурынхны түгээх цэг дээр байсан. Орон нутгийн нэгэн албаны хүн үүнд хяналт тавьж байсан юм. Тэр Америкийн хөлбөмбөгийн шүтэн бишрэгч бөгөөд надаас Super Bowl-ын тасалбарыг хэрхэн худалдаж авдгийг асуусан. Тийшээ явах түүний том мөрөөдөл. Тэр ирэх жил 50 нас хүрнэ. Төлөвлөгөө хийж байгаа хүнтэй хийсэн анхны яриа маань тэр байсан. Дайны гаднах амьдралыг сануулах нь сэтгэл хөдлөм байсан.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com