Эдгээр өдрүүдэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяашитай Монгол улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Тэрээр өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхах юм.
Мөн ням гаригт Япон болон Монгол улс Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийсэн юм.
Энэхүү айлчлалын талаар Япон улсын Киодо агентлаг мэдээлжээ. Уг мэдээлэлд, Япон улсын гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяаши өчигдөр Монгол улсын гадаад хэргийн сайд Б.Батцэцэгтэй уулзахдаа Украинд эзлэн түрэмгийлэх дайн өдөөсөн ОХУ-ын эсрэг олон улсын хөдөлгөөнд нэгдэхийг шууд бусаар уриалсан хэмээжээ.
Япон улсын гадаад хэргийн яамны эх сурвалж сайд Ёшимаса Хаяашиг Оросын Украинд явуулж буй эзлэн түрэмгийлэл нь олон улсын хууль дүрэм, дэг журмыг зөрчиж байгаа тул дэлхий нийтээр нэгдмэл байр суурьтай байх шаардлагатайг Б.Батцэцэг сайдад илэрхийлсэн гэж мэдээлсэн байна.
Үүний хариуд сайд Б.Батцэцэг Монгол улсын баримталдаг олон улсын харилцааны байр суурийг тайлбарлаж, ОХУ-д дарамт шахалт үзүүлэх хөдөлгөөнд Монгол улс нэгдэх боломжгүйг илэрхийлсэн байна.
Япон улсын гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяаши өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригаас эхлэн Азийн орнуудад хийх таван өдрийн айлчлалаа эхэлсэн бөгөөд Монголд ирэхээсээ өмнө Казахстан, Узбекистан улсуудад зочилжээ.