Ерөнхийлөгч Путиний хамгийн ойрын холбоотон Украины сөрөг хүчний улс төрч, олигархи Виктор Медведчукийг хэдхэн хоногийн өмнө тусгай ажиллагаа явуулж баривчилсан билээ. Түүнийг эх орноосоо урвасан хэргээр хорьж байгаа.
Тэгвэл Виктор Медведчук Украин болон Оросын Ерөнхийлөгчид хандан хүсэлт гаргажээ.
Тэрээр өөрийг нь Украины цэргийнхэн болон Мариуполийн энгийн иргэдээр солихыг хүссэн байна. Медведчукийн дүрс бичлэгийг Украины Аюулгүй байдлын алба цахим сүлжээнд нийтэлсэн бөгөөд энэ бичлэгийг хэзээ, хаана хийсэн талаарх мэдээлэл тодорхойгүй байгаа юм.
Медведчук өөрийг нь "Мариуполийг хамгаалагчид болон хүмүүнлэгийн коридороор аюулгүй гарч чадахгүй байгаа оршин суугчдаар" солихыг хүссэн байна.
"Настоящее время" агентлагийн мэдээлснээр, Медведчук Украины иргэн, мөн цэргийн хүн биш тул цэргийн олзлогсодыг солилцох журмын дагуу түүнийг солих боломжгүй, иргэдийг солилцох нь гагцхүү шүүхийн шийдвэр гарсны дараа л боломжтой болох аж.