АНУ-ын засаг захиргаа өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний охидыг эдийн засгийн хоригтоо нэмж бичжээ. Мөн ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровын гэр бүлийнхнийг хоригийн жагсаалтдаа нэмж оруулсан байна.
Энэ удаагийн хориг нь Украины Буча хотод Оросын цэргүүдийн үйлдсэн аллагатай холбоотой хариу арга хэмжээ юм.
Путин нь Катерина Владимировна Тихонова, Мария Владимировна Воронцова гэдэг насанд хүрсэн хоёр охинтой юм.
Тихонова нь Оросын батлан хамгаалах салбарын технологийн компанид гүйцэтгэх удирдлагын алба хашдаг бол Воронцова нь Кремлийн санхүүжилттэй генетикийн судалгааны хөтөлбөрт ажилладаг аж. Уг хөтөлбөрийг Путин өөрийн шууд хяналтад байлгаж, олон тэрбумын хөрөнгө оруулсан гэж АНУ-ын тал мэдэгдэв.
Эцгийнхээ хөрөнгийг хянах, удирдах ажлыг эрхлэн гүйцэтгэдэг байж болзошгүй гэсэн үндэслэлээр Тихонова, Воронцова нарыг хоригт багтааснаа АНУ-ын албаныхан мэдээлсэн юм.