Японы ард түмэн Наймдугаар сарын 6-ны өдөр Хирошимагийн хохирогчдын дурсгалыг хүндэтгэж, нэг минут дуугаа хураах ёслол гүйцэтгэлээ. Одоогоос 76 жилийн өмнөх энэ өдөр АНУ-ын зэвсэгт хүчний нисэх онгоц Японы Хирошима хотын дээрээс цөмийн бөмбөг хаясны улмаас Японы олон мянган хүн амь үрэгдсэн түүхтэй. Үүнийг түүхчид дайны үеийн хамгийн аймшигт үйл явдлуудын нэгд тооцдог юм.
Орон нутгийн цагаар 08:15 минутад буюу цөмийн бөмбөг хаясан цагт Хирошима хотын иргэд нэг хором дуугаа хурааж, хохирогчдын дурсгалыг хүндэтгэжээ.
Хирошима хотын дээрээс хаясан цөмийн бөмбөгний дэлбэрэлтийн долгион, цацраг туяаны улмаас 1945 оны сүүл гэхэд 140 гаруй мянган хүн амь үрэгдсэн гэж албан ёсны баримтанд дурьджээ.
Түүнчлэн, энэхүү аймшигт үйл явдлаас амьд үлдсэн хүмүүс цацраг туяанд хордсоноосоо болж хорт хавдар болон бусад өвчнөөр нас барж, өнөөг хүртэл шаналж байгаа тохиолдол ч олон байдаг байна.
Хирошима хотын дарга Мацуй Казуми өнгөрсөн онд энэхүү гамшигтай холбоотойгоор нас барсан 4800 гаруй хохирогчийн нэрсийн жагсаалтыг дурсгал хүндэтгэх самбарт нэмж оруулсан билээ.
Мацуй Казуми хэлэхдээ "Миний бие Япон улсын засгийн газрыг цөмийн зэвсэгтэй болон цөмийн зэвсэггүй улс орнуудын хооронд бүтээлч зуучлагч болохыг хүсэж байна. Цаашилбал, Хибакушагийн хүсэлтийн дагуу цөмийн зэвсэг хориглох тухай гэрээнд нэн даруй гарын үсэг зурж, соёрхон батлахыг шаардаж байна. Зуучлагчийн үүргийг биелүүлэхийн тулд цөмийн зэвсгээс хамааралгүйгээр олон улсын итгэлцэл, аюулгүй байдлыг сэргээх орчныг бүрдүүлэх ёстой” гэж байсан юм.