Хятадын Чиндао хотын эрх баригчид өнгөрсөн долоо хоногийн эцэст "Ковид-19"-ийн шинж тэмдэг бүхий зургаа, шинж тэмдэггүй зургаан тохиолдол илэрсэн тул 9.5 сая оршин суугчдаа бүгдийг нь илрүүлэг шинжилгээнд хамруулах таван өдрийн аяныг эхлүүлжээ.
Энэ бүс нутагт сүүлийн хоёр сарын хугацаанд дотоодод ганц ч халдвар илрээгүй байсан байна.
Илэрсэн бүх тохиолдлууд гадаадаас ирсэн коронавирусийн өвчтнүүдийг эмчилж буй тус нутгийн эмнэлгээс илэрсэн гэж төрийн төв хэвлэл болох Глобал Таймс мэдээллээ.
Хятадын эрх баригчид шинэ коронавирусийн кластер буюу бөөгнөрөл цөөхөн хүнийг хамарсан байсан ч олон нийтийг илрүүлэг шинжилгээнд хамруулахад чухал ач холбогдол өгнө гэдгээ мөн мэдээлсэн юм.
Эмнэлгийн ажилтнууд болон тус хотын эмнэлгүүдэд шинээр хэвтэж эмчлүүлж буй өвчтөнүүд болох 114,862 хүнийг зэрэг шинжилгээнд хамруулж, хариу аль хэдийнэ сөрөг гарсан гэж Чиндаогийн эрүүл мэндийн комисс мэдээлэв.
Оршин суугчид ням гаригийн орой урт дараалал үүсгэн илрүүлэг шинжилгээнд хамрагдахаар жагсаж байгаа бичлэг цахим сүлжээнд олны анхаарлыг татаж байгаа.
Энэхүү халдварын тоо ингэж гэнэт нэмэгдсэн нь Хятадын дотоодын аялалын хамгийн оргил үе болох алтан долоо хоногтой холбоотой аж. Чиндао хотын соёл, аялал жуулчлалын товчооны мэдээллээр дээрх хугацаанд далайн эргийн хотод 4.47 сая зорчигч аялжээ.
Бү.Лхамаа