Хар арьстан Жорж Флойдын амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй АНУ-ын цагдаа асан батлан даалтад 1 сая долларын бондыг байршуулж, лхагва гаригийн өглөө шоронгоос суллагдлаа.
Энэ оны тавдугаар сарын 25 өдөр офицер Дерек Чаувин ноён Флойдын хүзүүн дээр өвдөгөө шахан бараг найман минутын турш дарж сууж буй бичлэг хальсанд буусан байдаг. Энэхүү харамсалтай хэрэг олон өнгөт арьст иргэдийн эгдүүлцлийг хүргэж, #BlackLivesMatter буюу #Хар_амьдрал ч үнэ цэнэтэй хөдөлгөөнийг өрнүүлж, ялангуяа нэгдсэн улсын цагдаа шинэчлэгдэхийг шаардах болсон.
Энэ хэргээс үүдэн тус офицер Чаувин ажлаасаа халагдаж, хоёрдугаар зэргийн аллага, хүний амь хөнөөсөн хэргээр ирэх оны 3-р сард шүүх хурлаар хэрэг таслуулахаар хүлээж байсан юм. Мөн өөр гурван офицерыг ажлаас нь халж, энэхүү хүн амины хэрэгт туслалцаа үзүүлсэн хэмээн буруутгаад байгаа.
Миннесота мужийн Миннеаполис хотод алагдсан Ноён Флойдын хэрэгт буруутгагдаж байгаа дөрвөн офицер бүгд батлан даалтад гарсан бөгөөд ирэх онд болох шүүх хурал хүртэл чөлөөтэй байна.
Чаувин 5-р сарын сүүлчээс Миннесота мужийн Оак Парк Хайтс дахь чанга дэглэмтэй хорих ангид байсан. Зургадугаар сард шүүгч ямар нэгэн болзолгүйгээр 1.25 сая долларын барьцаатайгаар чөлөөлөгдөх эсвэл Флойдын гэр бүлтэй холбоо барихгүй байх, галт зэвсгээ ашиглахгүй байх, хууль сахиулах, аюулгүй байдалд ямар нэгэн байдлаар ажиллахгүй байх нөхцөлтэйгөөр шүүх хурлыг чөлөөтэй хүлээх сонголт өгч байжээ.
Ноён Чаувиныг хоёр дахь нөхцлийн дор батлан даалтад гарсан бөгөөд энэ нь баталгаатай болохыг шүүх нотолж байна гэж CBS Миннесота мэдээлэв.
АНУ-д барьцааны бондын төлбөрийг тухайн хүн шүүх хуралдаанд ирэхгүй бол энэ мөнгийг бүрэн хэмжээгээр нь авах эрхтэй байдаг байна.
Ноён Чаувин лхагва гаригт орон нутгийн цагаар 11:30-аас өмнөхөн цагдан хорихоос суллагдсан гэж Хеннепин дүүргийн шерифийн албанаас мэдээлэв. Одоогийн байдлаар яллагдагчаар татагдсан дөрвөн албан тушаалтныг бүгдийг нь ирэх гуравдугаар сард шүүхээр товлоод байгаа боловч шүүгч тэднийг тусад нь шүүхээр хэлэлцэж байгаа аж. Тэднийг яллахад хүргэсэн үйл явдал нь АНУ-д арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж байгаатай холбоотой гүн шархыг онилжээ.
“Хар амьдрал ч үнэ цэнэтэй” жагсаалуудын зарим нь хүч хэрэглэж байгаа нь 11-р сард АНУ-д болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх улс төрийн гол асуудал болоод байна.
Бү.Лхамаа