Хүчтэй аадар борооны улмаас Францын зүүн өмнөд хэсэг, Италийн баруун хойд хэсэгт үер бууж, долоон хүн амь үрэгджээ.
Мөн аадар борооны улмаас Ниццагийн ойролцоох хилийн уулархаг бүсэд олон арван байшинг нурааж, зам эвдэрчээ. Түүнчлэн Францын Ривьерагийн эрэг хавийн газар нутгийг сүйтгэж, далайн эргийн хэсгүүд шуурганы улмаас хогоор дүүрсэн байна. Үүний зэрэгцээ аврах албаныхан 20 орчим хүн сураггүй алга болсон байх вий гэсэн болгоомжлолоор эрэл хайгуулаа эрчимжүүлсэн гэв.
Даваа гаригт Францын албаны хүмүүс Ниццагийн хойд хэсэгт орших тосгодоос өөр гурван цогцос олдсон бөгөөд тус улсад амиа алдагсдын тоог 4 боллоо гэж мэдэгджээ. Харин Италид дор хаяж гурван хүн энэхүү шуурганы улмаас амиа алдсан байна.
Ширүүн салхи, аадар бороо дагуулсан Алекс шуурга эхлээд Францын Ницце хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд жилийнс нийт дунджаас ч илүү их бороо оруулж, дараа нь Италийн хойд хэсэгт нүүж, тэнд хамгийн их хур тунадас унагасан байна.
Францад 1000 орчим аврах ажилчид нисдэг тэрэг, цэргүүдийн хамт Альп-Далайн бүс нутагт томилогдон, үерийн усанд алга болсон найман хүнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Эдгээр найман хүний дотор албан үүргээ биелүүлж явсан хоёр гал сөнөөгчид багтжээ.
Францын хил дагуух хэд хэдэн тосгонд хөрсний гулгалт зам, барилга байгууламжийг шаварт дарж, автомашиныг зутан дотор булж орхисон байна.
"Миний гурван давхар байшин, энэ нь голын эрэг дээр байна. Надад жижигхэн хана, хаалга л үлдсэн" гэж 62 настай Сандра Дзидт AFP агентлагт ярьжээ. Гал сөнөөгчид Альп-Далайн бүсэд нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа 150 гаруй гэр бүлийн 500 гаруй хүнийг аварсан байна.
Франц улс тус бүс нутгийг байгалийн гамшгийн бүс гэж зарласан бөгөөд Ерөнхийлөгч Эммануэл Макрон энэ газарт айлчлахаа даваа гаригт мэдэгдэв.
Үүний зэрэгцээ, Италийн баруун хойд хэсэгт үер болсныг албаны хүмүүс "түүхэн үйл явдал" гэж онцлов.
Пиемонт мужид 1958 оноос хойш бүртгэгдээгүй их бороо орсон байсан бөгөөд нэг тосгонд 24 цагийн дотор 630мм хур тунадас орж рекорд тогтоожээ.
Пиемонтын үлдсэн хэсэгт бороо орсны улмаас хэд хэдэн тосгоны зам боогдож явах боломжгүй болжээ. Үүсээд буй нөхцөл байдлыг албаныхан "туйлын эгзэгтэй" гэж тодорхойлсон байна.
Хилийн хоёр талын тосгодод цахилгаан тасарч, ням гаригт 10,500 орчим байшин цахилгаангүй болсон гэж Францын эрчим хүчний компани "Энедис" мэдээлэв.
Түүнчлэн суурин утас болон зарим гар утасны үйлчилгээ тасалдаж, олон хүн сураггүй алга болох вий гэсэн болгоомжлолыг төрүүлээд байгаа юм.
Гэвч Альп-Далайн бүсийн мужийн захирагч Бернард Гонзалес оршин суугчдад хандан "Та бүхний хайртай хүмүүс холбоо барьж чадаагүй байгаа нь тэднийг шуурга авч одсон гэсэн үг биш шүү дээ" гэж тайвшруулахыг хичээжээ.
Мөн тэрээр бороо нэмж орох магадлалтай боловч боловч тус бүс нутагт аврах ажиллагааг үргэлжлэхээ мэдэгджээ.
Бү.Лхамаа