Японы Гадаад хэргийн сайд Мотеги Тошимицү ирэх лхагва гаригт Монгол Улсад айлчлах талаар тус улсын “The Mainichi” сонин мэдээллээ.
Тус улсын Гадаад харилцааны яамны мэдээлснээр сайд Мотеги Тошимицү манай улсад хийх айлчлалынхаа хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсэхэд бараалхаж, Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны уулзалт хийхээр төлөвлөж байгаа аж.
Мөн Хойд Солонгост хулгайлагдсан Япон иргэдийг эх оронд нь авчрах асуудалд Монгол Улсыг зуучлагчийн байр сууриас оролцож, хамтран ажиллах санал тавина гэж тус сонинд мэдээлсэн байна.
Монгол улс нь Умард Солонгостой уламжлалт сайн харилцаатай орнуудын нэг бөгөөд Япон улс Пёньяны дэглэмтэй харилцах харилцаандаа зуучлуулах сонирхолтой байгаа аж.
Саяхан Япон улсын ерөнхий сайдаар томилогдсон Ёшихиде Сүга ямар нэг урьдчилсан нөхцөлгүйгээр Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзахад бэлэн байгаагаа мэдэгдэж, хулгайлагдсан иргэдийнхээ асуудлыг шийдвэрлэхэд бүх боломжоо дайчлан ажиллахаа илэрхийлсэн юм.
Сайд Мотеги Тошимицү мөн коронавирусийн цар тахлын улмаас тасалдаад байгаа хоёр орны агаарын тээврийн харилцааг сэргээх талаар хэлэлцэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.