2021 оноос эхлэн “Google” өөрсдийн ажилчид болох Googlers бүрт зориулж оюутны зээлийн 2,500 хүртэлх долларын хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо зарлалаа. Энэхүү хөтөлбөрийн үр дүнд их сургуулийн сургалтын төлбөрт төлдөг их хэмжээний мөнгө хэмнэж түүний оронд өөрсдийн амьдрах байртай болох, гэр бүлтэй болох зэрэг амьдралын бусад чухал асуудалд хөрөнгө оруулах боломжийг нэмэгдүүлэх нь.
Мөн тус компаний Олон улсын сан хариуцсан захирал Жон Кайсэ “Ирэх жилүүдэд залуу үеийг дэмжсэн энэ хөтөлбөрийг дэлхийн хэмжээнд өргөжүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.
Оюутны зээлийн өр дэлхийн хэмжээнд анхаарал татсан асуудал бөгөөд тэр дундаа Америкчууд сүүлийн арван жилийн дотор оюутны зээлийн хоёр дахин их хуримтлагдсан өртэй болж, 1.5 их наяд ам.долларын алдагдал хүлээгээд байгаа. Мөн түүнчлэн энэ төрлийн зээл өнгөт арьст эмэгтэйчүүдэд бүр их нөлөөлдөг байна. Тодруулбал, хар арьст коллеж төгсөгчид бакалавраа төгсөөд дөрвөн жилийн дараа цагаан арьст төгсөгчдөөс 25000 долларын илүү оюутны өртэй байдаг байна.
Мөн Жон Кайсэ хийсэн мэдэгдэлдээ, “Санхүүгийн тэгш бус байдал нь боловсролоор дамжиж ирдэг аливаа боломжуудыг боож хаах ёсгүй. Бид удаан хугацааны туршид боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, ажил мэргэжлээ дээшлүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлыг олж авахад шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэхэд нэмэр болох ажлуудыг хийж ирсэн. Өнгөрсөн Дол дугаар сард бид Google-ийн “карьерын гэрчилгээний шинэ багц”-ыг зарласан. Энэ нь коллежийн зэрэг шаардагдахгүйгээр өндөр цалинтай өндөр өсөлттэй ажлын байранд өрсөлдөхүйц мэргэшсэн хүчин болоход нь туслах болно” гэж цохон тэмдэглэсэн юм.
Google “карьерын гэрчилгээний шинэ багц”-аа бакалаврын дөрвөн жилийн зэрэгтэй дүйцэхүйц гэж үзэж байгаа юм. Түүнчлэн АНУ дахь их сургуулиуд, боловсон хүчний түншүүдтэйгээ хамтран 2021 оноос эхлэн Google-тэй холбоотой төслүүд дээр ажиллаж байгаа хүмүүст боловсролын дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллаж байгаа аж.
Б.Лхамаа