Токио хотод байрлах Олимпын музейд өнөөдөр Олимпын наадмын бамбарыг түр байрлуулах ёслол боллоо.
Японы Олимпын хорооны дарга Ясүхиро Ямашита “Олимпын бамбарыг аль болох олон хүн үзнэ гэж найдаж байна. Ирэх жил наадмыг зохион байгуулахын тулд бид бүхий л хүчин чармайлтаа тавина” гэж ёслолын үеэр хэлжээ.
Мөн Олимпын наадмын үеэр хэрэглэх коронавирусийн тархалтыг хянах арга хэмжээг ойрын саруудад хэлэлцэж эхэлнэ гэж онцолсон байна.
Олимпын бамбарыг харахыг хүссэн хүн бүр есдүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1-ний хооронд үзэх боломжтой бөгөөд музейд очихын тулд урьдчилан захиалга өгөх ёстой аж. Коронавирусийн цар тахлын улмаас нэг цагт 120-иос дээш хүнийг үзэсгэлэнгийн танхимд оруулахгүй байхаар болжээ.
Олимпын музейг өнгөрсөн оны намар Токиогийн Шинзюкү дүүрэг дэх Олимпын гол цэнгэлдэх хүрээлэнгийн хажууд нээсэн юм.