Булган аймгийн Могод, Гурванбулаг, Хишиг-Өндөр, Бүрэгхангай сумын нутгийг дамжин хүчтэй шороон шуурга өнгөрсөн баасан гарагийн 17.00-18.30 цагийн хооронд болжээ.
Дээрх сумын 8 багийн 27 өрхийн 28 гэр, 2 байшин нурсан гэж аймгийн Онцгой байдлын газар мэдээллээ. Салхины хүч 15-30 метр секунд байсан аж.
- Унаж явсан морины чих харагдахгүй шороон шуурга болсон гэж Хишиг-өндөр сумын малчин С.Пунцаг ярьсан бол малчин Т.Хишигт:
- Мэдээ орсон цагаасаа жаран нас гартлаа ийм шороон шуурга үзсэнгүй. Тэнгэрт хуйларч солонгорсон улаан шороо босч, аюултай шуурга боллоо. Хоромхон зуур болоод өнгөрсөн учир хохирол багатай гарах шиг боллоо хэмээн ярилаа. Хүчтэй салхи, шуурганы улмаас учирсан хохирлыг барагдуулж Бүрэгхангай сумын Онцгой комисс гурван айлд гэр олгоод өгөөд байна гэж тус сумын Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.