Ерөнхий сайд П.Гэндэнгийн гэр музейг буулгаж, суурин дээр нь барилга барих гэж байгаа тухай мэдээлэл сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр ихээхэн эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Уг музейн суурин дээр 22 давхар барилга барих зөвшөөрлийг хотын захиргаанаас өгсөн тухай мэдээлэл, барилгын зураг төсөл ч цацагдсан байдаг. Уг мэдээлэл гарсны дараа П.Гэндэнгийн нэрэмжит сан ТББ-аас нэгэн мэдэгдлийг гаргасан байна.
Уг мэдэгдэлд,
Мзейн барилгыг “галын болон эрүүл ахуйн шаардлага хангахгүй, газар хөдлөлийг тэсвэрлэх чадваргүй, музейн зориулалтын бус, ашиглалтын шаардлага хангахгүй учир музейн шаардлагад нийцсэн архитектур төлөвлөлтийн зураг төсөл шинээр боловсруулах, мэргэжлийн байгууллагаар засвар бэхэлгээний ажил хийлгэсний дараа ашиглах” тухай мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гарсан. Мөн 2017 онд байшингийн үнэлгээ хийлгэхэд 94 хувийн элэгдэлтэй байсан.
Олон улсын сэргээн засварлах зарчим, арга зүйн дагуу архитектурын хэв загвар, гадна талын хэлбэр, хийц, өнгө будаг зэргийг анхных нь төрх байдлаар сэргээн засварлаж, музейн зориулалт, стандартад нийцсэн, орчин үеийн төлөвлөлтийг хийх бүрэн боломжтой гэж мэргэжлийн архитектор дүгнэлт гаргасан.
Энэ дагуу уг барилгыг сэргээн засварлах зураг төслийг мэргэшсэн архитектор хийсэн. Сэргээн засварлахаар мэргэшсэн архитектор зөвлөхөөр ажиллаж байгаа. Сэргээн засварлах төсөл хэрэгжсэнээр П.Гэндэнгийн амьдарч байсан байшинг буулгаж, муудсан хэсгийг нь орлуулан дахин сэргээн босгоно.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей уг байшинд хэвээр үйл ажиллагаагаа явуулна. Шинээр ашиглалтад орох музей нь орчин үеийн музейн стандартын шаардлага хангасан, музейн үзмэрүүд байрлуулах, үзэсгэлэн гаргах илүү их боломжтой болно.
Иймд сэргээн засах ажлыг улс төржүүлэхгүй, буруу ташаа мэдээллийг олон нийтэд түгээхгүй, сэргээн засварын ажилд саад учруулахгүй байхыг хүсье” гэсэн байв.
Гэвч сангийн зүгээс хийлгэсэн зураг төслийг харвал уг барилга зөвхөн музейн зориулалтаар ашиглагдахгүй бололтой. Тус сангийнхнаас /Гандэн агсны зээ хүү/ “сэргээн засварлана” гэсэн барилгыг яагаад нураасан талаар болон хотын захиргаанаас өгсөн 22 давхар барилгын зөвшөөрлийн талаар тодруулахад “Нураасан юм биш, буулгаад ширээр барих гэж байгаа юм. Ямар ч байсан стандартад нийцсэн музейн барилгатай болно” гэснээс өөр зүйл хэлсэнгүй.
Уг барилгын түүхээс товч дурдвал Монгол Улсын 11 дэх Ерөнхий сайд П.Гэндэнд зориулж, 1928 онд Монголд амьдарч байсан герман инженер Герингийн зураг төслөөр анх барьсан юм байна. 1937 онд П.Гэндэнг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн цаазалсны дараа байшинг нь хураасан аж.
1993 онд П.Гэндэнгийн охин Г.Цэрэндуламын санаачлагаар уг байшинг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей болгосон байна. Уг музей нь долоон танхимтай: 1922-1933, 1934-1936, 1937-1939 оны их хэлмэгдүүлэлт, 1940-1960 оны, Лам нарын, Үзэсгэлэнгийн танхим, Хүндэтгэлийн танхим, Ерөнхий сайд П.Гэндэнгийн танхим гэх мэт. Ерөнхий сайд П.Гэндэнгийн танхимд түүний эдэлж хэрэглэж байсан зүйлсийг дэлгэн үзүүлсэн байв /Утас, Бичгийн машин, Сандал, Улаан даавуугаар бүтээсэн ширээ, Цаг, Он цагийн жагсаалт, Пинз тоглуулагч, Орос дуран, Гадаад паспорт, Хулсан ташуур г.м/
2007 оны долдугаар сард М.Энхболд Ерөнхий сайд байхдаа Засгийн газрын тогтоолоор "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейг үйл ажиллагааны чиглэл, үзмэрийнх нь төрийн өмчийн харьяаллыг өөрчлөхгүй байх, нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэйгээр энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагад шилжүүлэн эзэмшүүлэх"-ээр шийдвэрлэж, Төрийн өмчийн хороонд эрхийг нь олгосон юм байна. Ингээд 2008 оны наймдугаар сард Нийслэлийн Засаг даргын захирамжаар Гэндэнгийн нэрэмжит сан ТББ-д музей, конторын зориулалтаар эзэмшүүлсэн юм байна. Өөрөө хэлбэл, музейг өмчлөгч нь төр хэвээрээ. Музейн зориулалтыг өөрчлөх болон нураах, буулгах эрх хотын захиргаанд ч, Төрийн бус байгууллагад ч байхгүй гэсэн үг.
Өмнө нь 2017 онд анх барилгыг нураах, шинээр барих асуудал яригдаж, зураг төсөл нь хийгдсэн ч тухайн үед Нийслэлийн засаг дарга асан Су.Батболд зөвшөөрөл олгоогүй юм байна. Харин өнөөдөр С.Амарсайханы үед нийслэлийн музейнүүд нэг нэгээрээ сүйдэж эхэллээ. Байгалийн түүхийн музейг буулгаж, Зайсанд шилжүүлэхээр болсон. Буурин дээр нь Чингис хааны музей байгуулна гэж сэвцгээж л байна. Хэрэг дээрээ хэний ямар гээч барилга босохыг бас таашгүй.
Энэ удаа П.Гэндэнгийн гэр музейг /Хэлмэгдэгсдийн түүхийн музей/ буулгахад түүний хүүхдүүд нь хотынхонтой хүч хавсран хөдөлж байна. Төсвөөс нэг ч төгрөг авахгүй гэснээс үзвэл хөрөнгө оруулагч нь ч тодорчихсон юм байна. Ингэхэд сэргээн засварлах, шинээр музей байгуулах хоёр адилхан гэж үү? Анзаарч харвал музейн барилга өөрөө музейн гол утга байсан байж таарна. Гэтэл барилгыг нь буулгаад үзмэрийг нь дэлгэлээ Хэлмэгдэгсдийн музей музей болж чадах уу?
Б.ЗАЯА
Сэтгэгдэл (2)