Монгол дахь Канад сан нь 2019-2020 оны төслийн уралдаанаа зарлалаа. Канад сангийн Орон нутгийн санаачилга (КСОНС) нь Канадын Засгийн газраас хөгжиж буй орнуудын хөгжлийг дэмжсэн тусламжийн хөтөлбөр бөгөөд дэлхийн 100 гаруй хөгжиж буй улсад хэрэгждэг. Канад Улсын Албан ёсны Хөгжлийн Туслалцааны жагсаалтад Монгол Улс 1997 онд орсноос хойш Канад сан Монголд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Түүнээс хойш Монгол Улсад 420 гаруй жижиг дунд хэмжээний төслүүдийг санхүүжүүлсэн ба тэдгээрийн дийлэнх нь Улаанбаатар хотын захаар амьдардаг нийгмийн хамгийн их хэрэгцээтэй бүлгүүдэд чиглэсэн байна.
Тэд орон нутгийн бүлэг, төрийн бус байгууллага, орон нутгийн төрийн институтын орон нутгийн хөгжлийн чиглэлээрх төслүүдийг дэмждэг. Тэд 1997 оноос хойш Монголд ядуурлыг бууруулах, сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр нийт 7 сая гаруй канад долларын санхүүжилтийг хийжээ.
Энэ жил Канад сан дараах дөрвөн чиглэлээр төсөл сонгон шалгаруулах юм. Тухайлбал,
-
Жендэрийн тэгш байдал болон охид эмэгтэйчүүдийг чадавхижуулах
-
Бүгдийг хамарсан засаглал. Үүнд: олон талын оролцоо, ардчилал, хүний эрх, эрх зүйт ёс
-
Хүний эрхэм чанар. Үүнд: эрүүл мэнд, боловсрол, хоол тэжээл
-
Хүн бүрт хүртээмжтэй эдийн засгийн өсөлт. Үүнд: эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх, зохистой ажлын байр болон энтрепренёршип; хамгийн ядуу эмзэг хүмүүст хөрөнгө оруулах; эдийн засгийн өгөөжийг тогтвортой байлгах
Канад сангийн төслийн санхүүжилтэнд дараахь байгууллагууд хамрагдах боломжтой:
-
Дүүрэг/орон нутгийн төрийн бус, олон нийтийн болон ашгийн бус байгууллага
-
Академик институци
-
Дүүрэг/орон нутгийн хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлж буй олон улсын, засгийн газар хоорондын, олон талт болон бүс нутгийн институци, байгууллагууд
-
Тухайн улсын дүүрэг/орон нутагт төсөл хэрэгжүүлж буй орон нутгийн, бүс нутгийн эсвэл Засгийн газрын агентлаг
-
Дүүрэг/орон нутгийн хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлж буй Канадын төрийн бус болон ашгийн төлөө бус байгууллага.
ӨРГӨДӨЛ ГАРГАХ
-
Бүрэн гүйцэд бөглөсөн өргөдлийн маягт болон санхүүжилтийн дэлгэрэнгүй задаргааг (Excel маягт) Канад сангийн canadafundmn@gmail.com хаягаар зөвхөн имэйлээр хүлээн авна. Өргөдлийн маягтыг монгол эсвэл англи хэлээр бөглөсөн байж болно.
-
Канад сангаас үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн дээд хэмжээ нь СА$50,000 (канад доллар) байна.
-
Өргөдлийн маягтыг 2019 оны 4 сарын 1-ний 17:00 цаг хүртэл хүлээж авна.
-
Төсөл хэрэгжүүлэх хугацаа: Төслийн үйл ажиллагаа 2019 оны 6 сарын 1-нд эхэлж, 2020 оны 2 сарын 15-ны өдөр дууссан байх. Хоёр жилийн турш хэрэгжүүлэх төслийн үйл ажиллагаа 2021 оны 2 сарын 1-ны өдөр дууссан байх.
-
Төслийн маягт буюу өргөдөл дээрх бүх асуултад бүрэн зөв хариулсан байх. Төслийн маягтыг зөвхөн Word document хэлбэрээр явуулах; PDF болон бусад хувилбараар өгсөн өргөдлийг хэрэгсэхгүй.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Доорх жагсаатанд дурьдсан бүх баримт бичгийг бүрэн ирүүлсэн төслийн саналыг авч хэлэлцэнэ гэдгийг анхаарна уу.
Канад Улсын Гадаад Харилцааны яамны мэдээллийн удирдлагын журмын дагуу төслийн санхүүжилтанд ирүүлсэн бүх өргөдлийн маягтыг ЭСЯ архивлан хадгална. Төслийн маягтыг (өргөдөл) www.canadafundmongolia.mn веб хуудаснаас татан авах боломжтой.
Жил бүр бидэнд маш олон тооны өргөдлийн маягт ирдэг учраас зөвхөн дараагийн шатны жагсаалтанд орсон байгууллагуудтай холбогдоно гэдгийг анхаарна уу.
ЗӨВШӨӨРӨХ ЗАРДЛУУД
Доорх зардлуудыг Канад сангаас санхүүжүүлэхийг зөвшөөрнө:
-
Захиргааны болон төсөлтэй холбоотой шууд бус бусад зардлууд,
-
Түрээс, худалдан авалт, дэд бүтэц байгуулах зэрэгт холбоотой үйл ажиллагааны зардлууд,
-
Түлш, компьютер болон харилцаа холбооны хэрэгслийн суурилуулалт, ашиглалт, болон тээврийн зардал,
-
Иргэний боловсролын зардал,
-
Хурал болон арга хэмжээний зардлууд,
-
Согтууруулах ундаа оролцуулахгүйгээр хоолны зардал,
-
Сургалт болон чадавхи бэхжүүлэх зардлууд,
-
Хэрэгжүүлэгч байгууллагын хийлгэсэн үйлчилгээний зардлууд,
-
Харилцаа холбоо, мэдээлэл түгээх зардлууд,
-
Байгаль орчны үнэлгээний зардлууд,
-
Ухуулга сурталчилгаа болон лобби үйл ажиллагаатай холбоотой зардлууд,
-
Хууль эрх зүйн зардлууд,
-
Нягтлан бодох зардал,
-
Хэвлэн нийтлүүлэх зардал,
-
Радио телевизээр нэвтрүүлэг цацах зардал,
-
Өрөө танхим болон тоног төхөөрөмж түрээслэх зардал,
-
Судалгаатай холбоотой зардал,
-
Төсөлтэй холбоотой цалингийн зардал,
-
Хамгаалалтын зардал,
-
Орчуулгын зардал,
-
Дотоод дахь аяллын зардал. Үүнд: зах зээл дэх хамгийн доод үнийг сонгосон байх.
-
Машин түрээслэх зардал,
-
Цахим хуудас хийлгэх болон түүнтэй холбогдох зардал.
-
Төслийн үйл ажиллагаатай холбоотой бусад зардлууд.
ҮЛ ЗӨВШӨӨРӨХ ЗАРДЛУУД
-
Цөмийн технологи болон байгууламж,
-
Цэргийн болон хагас цэрэгжилттэй байгууллагуудад тусламж үзүүлэх,
-
Бэлэг,
-
Тансаг зэрэглэлийн эд зүйлс,
-
Засгийн газарт үзүүлэх шууд санхүүгийн дэмжлэг,
-
Тухайн байгууллагын үндсэн үйл ажиллагааны зардал болон санхүүжилт,
-
Эргэлтийн санхүүжилт (тухайлбал, хувь хүнд олгох зээлийн урьдчилгаа, бичил санхүүжилт г.м),
-
Санхүүжилтийн гэрээ байгуулахаас өмнө болон гэрээ дууссаны дараа гарах зардлууд.
ШИНЭЭР! ЖЕНДЭРТ СУУРИЛСАН АНАЛИЗ
2017 онд Канад Улс феминист олон улсын туслалцааны бодлогыг баталсан бөгөөд жендэрийн тэгш байдлыг бататгаж, охид эмэгтэйчүүдийг чадавхижуулах нь ядуурлыг бууруулж, бүгдийг хамарсан энх тайванч нийгмийг цогцлооход хамгийн үр дүнтэй арга гэж үздэг. Уг бодлоготой уялдуулан Канад санд өргөдлийн маягт явуулж байгаа бүх байгууллагууд Жендэрт суурилсан анализыг бөглөж ирүүлэх зайлшгүй шаардлагатай болсон. Ингэснээр Канад сангийн хэрэгжүүлж буй төслүүдийн жендэрийн тэгш байдлын үр дүнг сайжруулах боломж бүрдэнэ.
Жендэрт суурилсан анализ нь өргөдлийн маягт ирүүлэгчдийг: а) тухайн төсөл эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, охид, хөвгүүдэд хэрхэн өөр өөрөөр нөлөөлөхийг нягтлах, мөн тухайн төсөл ямар нэгэн хохирол учруулахгүй байх; б) төслийн саналыг хөгжүүлэх явцад охид эмэгтэйчүүдтэй хэлэлцэх; в) энэ үед гарсан саналуудыг төслийн саналд заавал тусгасан байх.
*Зөвлөлдөх уулзалт гэдэгт: орон нутгийн охид эмэгтэйчүүдтэй уулзах; орон нутагт үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагад ажилладаг эмэгтэйчүүд болон бусад хувь хүмүүстэй ярилцах; орон нутгийн талаар сайн мэдэх эмэгтэй, эрэгтэй шийдвэр гаргагч болон өөрчлөлтийг авчирдаг хүмүүстэй ярилцах г.м болон бусад арга хэмжээнүүдийг хэлнэ.
Жендэрт суурилсан анализыг бүрэн бус хийж ирүүлбэл тухайн төслийн саналыг авч хэлэлцэхэд нөлөөлнө гэдгийг анхаарна уу.
ШИНЭЭР: ХОЁР ЖИЛИЙН ХЭРЭГЖИЛТ
Тухайн төслийн саналын зорилго, үндэслэл, хэрэгцээг харгалзан хоёр санхүүгийн жил (2019 оны 4 дүгээр сар – 2021 оны 3 дугаар сар) дамнан хэрэгжүүлэх боломжтой төслийг авч хэлэлцэнэ. Төсөл нэг эсвэл хоёр жил хэрэгжихээс үл хамааран нийт санхүүжилтийн дүн 50,000 канад доллараас хэртэхгүй гэдгийг анхаарна уу.
Өнгөрсөн жил санхүүжилт авч, төсөл хэрэгжүүлсэн байгууллагуудын талаарх мэдээллийг энд дарж авна уу.
Сэтгэгдэл (2)