УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2024 оны тавдугаар тогтоолоор байгуулсан ажлын хэсэг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр Өмнөговь аймгийн Цогтцэций сум болон "Гашуун сухайт-Ганцмод" боомтод ажиллалаа.
Ажлын хэсгийг УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар ахалж, УИХ-ын гишүүн Б.Уянга, П.Мөнхтулга, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат нар хамтран оролцов.
"Гашуунсухайт" боомт нь нийслэлээс 841 км зайд байрладаг бөгөөд Монгол Улсын эдийн засгийн гол төсвийг бүрдүүлэгч боомтуудын нэг юм. Нүүрс тээврийн төмөр зам нь олон улсын стандартад нийцсэн, говийн бүсийн нөхцөлд тохиромжтой боловч суурьшлын бүсэд амьдарч буй иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг орон нутгийн иргэд онцолжээ.
"Эрдэнэс нэгдсэн терминал" цогцолбор 2022 онд ашиглалтад орсноос хойш 75.1 сая тонн нүүрс экспортолсон бөгөөд энэ онд 30 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байна. Өдөрт 300-450 тээврийн хэрэгсэл Ганцмод чиглэлд нэвтэрдэг бөгөөд 2023 оны гуравдугаар сараас хойш нийт 117 удаагийн тээвэрлэлтийн хүрээнд 26.5 сая тонн нүүрсийг биржээр борлуулжээ.
Нүүрс тээвэрлэлтийн хувьд "Гашуун сухайт" боомтын Авто тээврийн нэгдсэн системд 432 аж ахуйн нэгжийн 24,432 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүнээс "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай хариуцлагын гэрээ байгуулсан 420 аж ахуйн нэгжийн 8808 тээврийн хэрэгсэл урт, богино тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж.
Сүүлийн өдрүүдэд нүүрсний ханш 2.3 орчим хувиар буурсантай холбоотойгоор нүүрс тээвэрлэлт багасаж, экспортын хэмжээ буурах эрсдэл үүссэн байна. Одоогийн байдлаар Ганцмод боомтод 4.6 сая тонн нүүрсний үлдэгдэл байгаа талаар УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлжээ.
Сэтгэгдэл (1)