Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар улс төрийн хүрээнд гарсан талцал, маргаан өдөр ирэх тутам өргөжиж, баялаг өнгөтэй болж байна. Өнгөрөгч долоо хоногт 1992 оны Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын нэр бүхий депутатууд (П.Очирбат, Ж.Бямбадорж, Ж.Гомбожав, Ж.Гүррагчаа нар) Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж буй энэ удаагийн процесс нь "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай" хуулийг зөрчсөн тухай Цэцэд гомдол гаргасан билээ. Тэдний зүгээс "Хэрвээ нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай бол эхлээд төслөө оруулж ир" гэдэг шаардлагыг тавьж байгаа. Энэ ч зүй ёсны, байх ёстой шаардлагуудын нэг.
Харин хоёр өдрийн өмнө хуралдсан Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаас 2015 оны арванхоёрдугаар сард УИХ-аас батлан гаргасан Сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн өмнөх шийдвэрүүдийг хүчингүй болгожээ. Тодруулбал 2012, 2016 онд гаргасан Цэцийн дунд суудлын дүгнэлт, Их суудлын хуралдааны шийдвэрээр “Сонгуулийн тухай хууль нь Үндсэн хуульд заасан сонгогчийн шууд сонгох эрхийг зөрчсөн” хэмээн үзсэн байдаг. Үүний улмаас 2016 оны сонгуулийн өмнө тухайн үеийн парламент ганцхан удаа ажилласан Сонгуулийн тухай хуулийг хүчингүй болгож, сонгуулийн тогтолцоо жижиг мажоритари руу эргэж гулссан билээ.
Харин энэ удаа эрх баригч МАН-ын зүгээс санаачилсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, сонгуулийн холимог тогтолцоог хуульчлахтай холбоотойгоор Үндсэн хуулийн цэц өмнөх шийдвэрүүдээ өөрийн санаачилгаар цуцалсан явдлыг хуульч мэргэжилтнүүд болон олон нийт өөр өөрөөр тайлбарлаж, хүлээж авч байна. Зарим нь “Үндсэн хуулийн цэц алдаагаа заслаа. Өөрийн санаачилгаар өмнөх шийдвэрээ цуцалсан анхны тохиолдол боллоо. Үндсэн хууль аврагдлаа” хэмээн бичиж байхад эсрэгээрээ “Үндсэн хуулийн Цэц улс төрийн шийдвэр гаргадгийн ээлжит нэг нотолгоо боллоо” хэмээн дургүйцэх нь ч олон байна.
Ямартай ч, Цэцийн энэ удаагийн шийдвэр нь "Сонгуулийн холимог болон пропорциональ тогтолцоог хүлээн зөвшөөрсөн хэрэг" хэмээн алга ташихад эрт юм. (Ийм шийдвэр гаргах боломж өмнө нь Цэцэд байгаагүй гэж үү) Харин сонгуулийн тогтолцоо, өмнө гаргасан Цэцийн шийдвэрүүдээр шалтаглан Үндсэн хуульд өөрчлөлт хийлгэхгүй гэсэн хаалт, гал намжаасан ажиллагаа юм болов уу даа. Нэмэлт өөрчлөлтийн төсөл, намуудын тунхаг бичиг дотор Үндсэн хуулийн цэцийн өөрийнх нь асуудал хамт явж байгаа. 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр хөндөж чадаагүй, хүч хүрээгүй зүйлсээ энэ удаагийн өөрчлөлтөөр хийнэ гээд “Ах” нам амалчихсан байдаг. Өмнө нь 2019 оны нэмэлт өөрчлөлтийн төсөлд Үндсэн хуулийн цэцтэй холбоотой бүтэн бүлэг орж ирсэн ч УИХ-ын гишүүдийг нэг, нэгээр нь дуудаж, бүрэн эрхээр нь барьцаалж байгаад унагасан түүх ч бас бий.
Ер нь бол нэмэлт өөрчлөлтийн тухайд ганц сонгуулийн тогтолцоог хөндөөд зогсохгүй парламентийн чадамжийг нэмэгдүүлэх (гишүүдийн тоог нэмэх), хүний эрхийг хамгаалах (Үндсэн хуулийн цэцийг Үндсэн хуулийн шүүх болгох), Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, Ерөнхий сайдад парламентаа тараах эрхийг нь өгөх гэх мэт парламентын засаглалтаа улс орнуудад төлөвшсөн сонгодог парламентын тогтолцоог бий болгоход чиглэсэн томоохон өөрчлөлтүүд явж байгаа. 2015 онд АН-ын, 2019 онд МАН-ын боловсруулсан төсөлд ч суусан, ганцхан хууль болгож гаргах тал дээр хүч дутсан зүйлүүд бий. Боломж үргэлж байдаг гэх ч цаг хугацаа хүлээдэггүй гэдэг. Тийм болохоор “Цэц алдаагаа зассан” гэдгээр шалтаглан энэ бүх өөрчлөлтийг зогсоох боломжгүй нь тодорхой.
Тиймээс Цэцийн энэ удаагийн шийдвэрийг Үндсэн хуулийг гэхээсээ илүү өөрсдийнхөө эрх мэдлийг хамгаалсан шийдвэр гээд хэлчих нь үнэнд дөхөж очих биз. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зайлшгүй, үүний дотор Үндсэн хуулийн цэцийг энэ хэвээр нь үлдээж болохгүй гэдгийн бас нэг баталгаа.
Б.СЭМҮҮН