x

Э.Бат-Үүл: Сайн нөхрөөс тэмцлийн зам салах амаргүй байна

Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн АН-ын дарга асан Э.Бат-Үүлтэй ярилцлаа. 

-Өнгөрөгч долоо хоногт болсон АН-ын эсэргүүцлийн цуглаанд та яагаад оролцсонгүй вэ? Сүхийн талбай дээр бүрээ татаад зогсч байна гэсэн хүн маань байдаггүй. Э.Бат-Үүл энэ цуглаанд оролцсонгүй гэж хэвлэлүүд нэр цохсон байна лээ?

-Гэр хороооллын хөдөлгөөнийхөн улс төрийн намуудын хоорондын тэмцэлд оролцохгүй гэсэн байр суурьтай байгаа юм аа.

-Жагсаал жаахан хугацаа алдчихсан уу, үгүй юу? Татварын шатлал, тэтгэврийн нас ч буцаад, Засгийн газар гараа өргөчихсөн хойно АН талбай дээр гарсан. Надад лав “Хайран мөнгийг яарин болгоод яахав” гэдэг жагсаал боллоо л харагдсан. Их ч мөнгө зарцуулж, их ажил болж хийсэн нь харагдаж байна лээ?

-Яг үнэнийг хэлэх юм бол энэ цуглаан тун чухал арга хэмжээ болсон."Интернэт цуглаан","Онлайн жагсаал"-ыг талбай дээр гаргаж ирэхэд том эхлэл боллоо.Одоо ингээд жагсаал цуглаан эрчээ авна гэж бодож байна.

-Уг нь бол татварын хуульд өөрчлөлт оруулж, төсвийн хууль баталж байх үед АН-ынхан ингэж жагссан бол иргэдэд ч хэрэгтэй, улс төрийн намынхаа хувьд ч илүү оноо цуглуулах байсан байх. Ядаж л оны эхэнд?

-Би бол улс төрийн намынхаа хувьд оноогоо нэмсэн гэж бодож байна.

-Цаг өөр, нийгэм ч өөр болсон байх. Гэхдээ ямартай ч АН байгаа юм байна, жагсаж цуглаж чаддаг хэвээрээ байгаа юм байна гэдгийг оройтсон ч гэсэн саяын цуглаан харууллаа. Гэхдээ зорилгоо илүү тодорхой болгох, том болгох шаардлагатай юм уу даа? Таны бодлоор?

-Санал нэг байна. Зорилгоо томруулах хэрэгтэй. Ардчиллаа хамгаалсан өргөн олны тэмцэл болгох хэрэгтэй. Ардын нам Үндсэн хууль өөрчлөх замаар хэмжээгүй эрхэт засаглалаа сэргээх гэж байна шүү дээ. АН үүний эсрэг зогсох үүрэгтэй

-Саяхан та Сүхбаатарын талбайд гэр хорооллынхонтой жагсаал хийх гээд хүн цугласангүй гэж байсан. Тэр үед АН яагаад таныг дэмжээгүй юм? Гэр хорооллын барилгажилт чинь ч бас өнгөрсөн дөрвөн жил АН-ын барьж ирсэн том бодлогуудын нэг биз дээ?

-Гэр хорооллын асуудлыг улс төржүүлж болохгүй гэсэн байр суурийг би анхнаасаа хатуу барьж байгаа.

-АН шинэчлэгдлээ барилаа л гэдэг. Яг үнэндээ АН-ын одоогийн удирдлага АН-ын өнгөрсөн түүх болоод үзэл баримтлал, үнэт зүйлээс их хол юм шиг ажиглагдаад байгаа. Тиймгүй байсан АН-ын барьж явсан, МАН-ын тавиад туучихсан бүх бодлого дээр эсэргүүцэж босно биз дээ?

-АН-ын үзэл баримтлал ёсоор үндэсний язгуур эрх ашиг, нийгмийн эрх ашиг гэдэг нь монгол хүний эрх, эрх чөлөөний “дархан хил”-ийн халдашгүй байдал. Төрийн үүрэг бол энэ "хил"-ийг хамгаалах явдал. Гэтэл Ардын Нам монгол хүний эрх чөлөөтэй байх язгуур эрх ашгаас тусдаа бас нэг "үндэсний язгуур эрх ашиг" гэдэг ойлголтыг Үндсэн хуулинд оруулж ирэх гэж байна. Ийм тодорхойгүй ойлголтын ард дарангуйлагчийн жинхэнэ эрх ашиг нуугдаж байдаг. Нэг мэдэхэд "үндэсний эрх ашиг" гэдгээр халхавчлан хүмүүсийн өмч хөрөнгийг булаах зэргээр монгол хүний эрх чөлөөний эсрэг “террор” хийнэ. Бид,түүхийн ийм гашуун туршлагаа мартаж болохгүй. Ийм байдал одоо ч эхэлчихээд байна. Саяхан нэг УИХ-ын гишүүн “Ерэн оны өмч хувьчлал луйвар байсан, одоо нийгмийн эрх ашгийн үүднээс үүнийг засах хэрэгтэй” гэж мэдэгдэж байна билээ.

-Нийгэм хөгжөөд, хүмүүс боловсроод асуудлыг хүчээр биш, зөвшилцлөөр шийдэх бодлого баримтлаад байна уу? гэтэл бас л үгүй. АН яагаад тэр үзэл баримтлал, үнэт зүйлээ хамгаалахгүй байгаа юм бэ?

-Харин 90 оны ардчилсан хувьсгалын ололт руу дайраад байхад дуугүй байгаад байгаа нь миний ч гэсэн гайхлыг төрүүлж байна.

-Та уг нь Ардчилсан хувьсгалын анхны лидерүүдийн нэг, нийгэмд нэр нөлөөтэй хүн. Гэтэл таны тэмцэл баабар.мн дээр бичсэн нийтлэл, гэр хорооллынхонтой нийлсэн цуглаан энэ тэрээр л хэмжигдэж байгаад би хувьдаа харуусч байна. Яагаад нам дотроо ороод, энэ асуудлаа түрээд явахгүй байгаа юм бэ? Бас л одоогийн удирдлагатай холбоотой юу?

-Би гэр хорооллын хөгжлийн төлөө тэмцэж явна. Үүнийгээ аль нэг намтай нийлж улс төржүүлмээргүй байна. Нөгөөтэйгүүр чухамдаа гэр хорооллынхны өмнө түүхийн том сонголт ирээд байна. Гэр хороолол Монголын эдийн засгийг хямралаас гаргана. Монголын ардчиллыг аварна.

-Та намынхаа гишүүдийн одоогийн нөхцөл байдлыг “клиентелизм буюу гар харах явдал газар авчихаад байна” гэж тодорхойлсон байна лээ. Нэг ёсондоо өнгөрсөн хоёр удаагийн сонгууль нийт сонгогчдын хувьд ч биш, намын гишүүдийн дунд ч том худалдан авалт болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг биз. Тэгвэл одоо яаж энэ байдлаас гарах вэ? Ирэх сонгуулиудыг яаж энэ байдлаар давах юм?

-Ядуурлаас гарах хүртэл "гар харах” байдлаас салахгүй. Гэхдээ хүмүүс өөрт нь хэрэгтэй бодлогыг гаргаж тавибал түүний төлөө явдгийг манай сонгуулиуд бас харуулсан.

-Сүүлд өгсөн ярилцлагаас тань У.Хүрэлсүх, Х.Баттулга хоёрын харилцааг ихэд жигших байдал илэрсэн. Яагаад? Адилхан л “олз хайсан” эр улс шүү дээ. “Тунгалаг Тамир” кинон дээр тэгж гардаг байх аа. Тэгээд ч Ерөнхийлөгчийн сонгууль болон МАН-ын дотоод сонгуулийн үеэр Х.Баттулга, У.Хүрэлсүх нар бие биенийгээ дэмжиж байгаа нь илт байсан...

-Ардын Нам хэмжээгүй эрхэт засаглалаа сэргээж дарангуйллаа тогтоох алсын зорилгоо дэлгэж байхад, Ерөнхийлөгч ардчиллаа хамгаалан тэмцэхийн оронд цэргийн социализм байгуулах өөр нэг дарангуйллын хувилбар санал болгож байгаад үнэхээр гайхаш барагдсан. Ядахдаа Ардын Их Хурал гэсэн дээд танхимтай болох санал зөрүүлэн тавихгүй яав? Одоо бол энэ бүхний ард У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын тохиролцоо юу бол гэдэг л хамгийн ноцтой асуудал болчихоод байна. Ямар ч байсан өнөөдөр Монголын ардчилал "сэгсрэлтийн бүсэд" орсон.

-“Сэгсрэлтийн үе” гэж та юуг хэлж байна?

-Онгоц агаарт явж байгаад агаарын хэлбэлзэл, доргилтолд ордог доо. Нэг ёсондоо аюулын бүсийг хэлж байна.

-Та Ц.Элбэгдоржийг сураггүй болсон гэсэн байна лээ. Бидний хувьд сураг тасраад удаж байгаа ч ядаж намынхаа нөхөдтэй, тантай жишээ нь сурагтай байгаа байх гэж бодсон шүү дээ?

-Ардчилал нь "сэгсрэлтийн бүсэд" орчихоод байхад сураггүй алга болчихдог өөдгүй ч лидер бол доо гээд бодож сууна. Монголд байгаа юм уу? Бүү мэд.

-Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад, ялангуяа сүүлийн бүрэн эрхийн хугацаанд “нэг нүдээр” хардаг хүн цөөн байсан. Одоо Х.Баттулгыг Ерөнхийлөгч болсны дараа “Үнээнийхээ сүүтэйг үхсэнийх нь дараа мэднэ” гэдэг шиг болж байна, зарим нь. Мэдээж тэс өөр хоёр хүн л дээ. Гэхдээ л та энэ хоёр хүний хэнийг нь илүү хайрладаг вэ?

-Ц.Элбэгдорж бид хоёр ардчиллын төлөө тэмцэлд нөхөрлөсөн улс. Харин Х.Баттулга бид хоёр сайхан анд нөхөд. Х.Баттулга нөхөрлөхөд түшигтэй, ядарсан хүн таарвал тусламжийн гараа харамгүй сунгадаг, хүн чанар сайтай. Надад бэрхшээл, зовлон тулгарахад хажууд маань байж түшиж, дэмжиж байсан цөөхөн хүний нэг. Хүнд хэцүү үед ийм нөхөд маань л сэтгэл дулаацуулж байлаа .

Харамсалтай нь, Баттулгыг улс төр их өөрчилж орхилоо. Ардчилал, хүний эрх чөлөөг дээдлэгч байсан хүн одоо дарангуйлал тогтоохын төлөө явж байна. Сайн нөхөртэйгөө тэмцлийн зам салах амаргүй юм байна.

-Нэг л зүйлийг баттай хэлье. С.Эрдэнэ ч, Х.Баттулга ч таны хүлээн зөвшөөрөх улстөрчид биш. Та АН-ын ирээдүйг хэнээр төсөөлдөг вэ? Магадгүй та намын даргын төлөө дахин өрсөлдөх үү?

-Улс төрийн бодлого гэдэг бол зөн билгийн тулаан биш. Улстөрч хүн гэдэг нийтийн оюун ухааныг рационал чиглэлтэй болгож байдаг хүн.

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийгөө “улс төрөөс гарах болоогүй” гэдгээ ажлаа өгөхөөсөө өмнө, их эртнээс хэлж байсан. Хэрвээ тэр хүн шинэ нам байгуулбал, эсвэл намдаа эргээд ирвэл та дэмжих үү? Хамтрах уу? Ерөнхийлөгч байхдаа хийсэн алдааг нь (ялангуяа АН-ыг хагалан бутаргасан) уучлах уу?

-Ардчилал, эрх чөлөөг хамгаалахын төлөө тэмцэхгүй бол хэн ч байсан би хамтрахгүй.

-Яг өнөөдрийн хувьд Х.Баттулга биш, У.Хүрэлсүх гэдэг хүн улс төрийн гол баатар болж байна. Ялсан намын дарга, Ерөнхий сайд. Та хоёр хэдий үе тэнгийн биш ч улс төрийн тогоонд бас нэг хэсэгтээ хамт чанагдсан улс. Энэ хүний ирээдүйг та юу гэж харж байна? Хэр удаан засаглах бол?

-Би У.Хүрэлсүхийг гол баатар болоод байгааг харахгүй байна. Баттулга тэр хоёр юу тохирсон бол гэдэг нь ноцтой асуулт болчихоод байна.

-Хувь хүнийхээ хувьд сонирхолтой фигур биш л дээ. Зүгээр, ямартай ч ирэх гурван жилийн Монголын амьдрал энэ хүний байр байдал, гаргах шийдвэрээс их шалтгаалах учраас сэтгэл түгшээд асууж байна?

-Одоохондоо парламентын засаглалтай учир У.Хүрэлсүх дангаараа сэтгэл зовоох асуудал биш. Харин Х.Баттулга тэр хоёр ямар стратеги тохирсон бол гэдэг нь л сэтгэл түгшээх асуудал. Тэр хоёр ямар сюрприз барих бол?

-Би ч бас тэгж болгоомжилж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан “цэргийн социализмын” талаар та маш олон нийтлэл бичсэн. Эсэргүүцсэн, гомдсон. Харин Ерөнхийлөгч таныг энэ асуудлаар уулзсан уу? Таны үгийг сонссон уу?

-Уулзсан.Цэргийн социализм байгуулах тухай яриа байж болохгүй гэдгийг хэлж байсан.

-Уг нь бол сонгуулийн сурталчилгааны хаалт дээр “Энэ хүмүүс бүгд миний зөвлөхүүд юмаа” гээд намынхаа бүх лидерүүдийг ардаа зогсоосон шүү дээ. Сонгогдсоныхоо дараа л огт өөр зөвлөхүүдтэй болчихсоноос биш?

-Улс төрийн бодлого гэдэг юм байсан юм. Одоо байхгүй болсон. Оронд нь улс төрийн арилжаа гэдэг юм бий болсон.

-Уламжлал ёсоор сүүлийн асуултыг танд үлдээе. Хэлэхийг хүссэн ч хэлэх бололцоо гараагүй зүйл байвал та хэлнэ үү?

-Залуустаа хандаж хэлэхэд нэгдүгээрт, эрх чөлөө байхгүй болсон үедээ л байхгүй болсоноо мэдүүлдэг юм. Уго Чавесыг дэмжиж явсан Венесүэлийн залуус одоо амаа барьцгааж байгаа. Хоёрдугаарт, боловсрол төвтэй улс төр рүү шилжих цаг болжээ гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!

Б.СЭМҮҮН

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top