Татварын ерөнхий газрын удирдлагууд Татварын багц хууль, Татварын удирдлагын нэгдсэн систем, Ebarimt 2.0 хувилбарын талаар танилцуулга мэдээлэл хийлээ.
Мөн Татварын ерөнхий газар 20 дахь жилдээ “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг зохион байгуулж байна. Энэ удаагийн татвар төлөгчдийн өдрүүдээр “Татвар- хөгжлийн үндэс” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд татварын хууль тогтоомжоо сурталчлах, шинэ үйлчилгээг танилцуулах, татварын боловсрол олгох сургалт, татварын сэдэвт уралдаан тэмцээн зохион байгуулах болон шилдэг татвар төлөгчдийг шалгаруулж алдаршуулах ажлыг өнөөдрөөс эхлүүлж байгаагаа мэдээллээ.
ТЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Заяабал:
Өнгөрсөн гуравдугаар сард УИХ-ын ээлжит бус чуулганаар Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай шинэчилсэн найруулгыг баталсантай холбогдуулан татвар төлөгчдийн төлөх татварын хэмжээ буурч, татварын албаны зүгээс олон улсын татварын шинэлэг зарчим болон илүү ил тод цахим үйлчилгээ нэвтрүүлсэн гэж үзэж болно.
Татварын албанд 2018 онд нийт 100.919 татвар төлөгч тайлан ирүүлснээс 3.4% нь 1.5 тэрбум төгрөгөөс их борлуулалтын орлоготой байсан. Нийт ААНОАТ төлөгчдийн 96.6% нэг хувиар албан татвар төлөх болж байна. Олон улсад тогтсон жишгийн дагуу эхлээд орлогоо тайлагнаж төлөөд, дараа нь буцаан авах тогтолцоог бүх татвар төлөгчид нэвтрүүлэхэд хүндрэлтэй гэж үзсэн учраас зөвхөн 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой татвар төлөгчид л төлсөн татварынхаа 90% хувийг буцаан авах замаар нэг хувиар албан татвар төлнө. Бусад 300 сая төгрөгөөс доош орлоготой татвар төлөгчийн хувьд шууд нэг хувиар албан татвар төлнө.
Түүнчлэн татварын маргаан таслах зөвлөл хоёр шатлалтай байсныг цөөрүүлж, нэг шатлалтай болгосон, татварын хөөн хэлэлцэх хугацаа таван жил байсныг бууруулж дөрвөн жил болгосон, татварын өр төлөх хугацааг хоёр сар хүртэл сунгадаг байсныг 24 сар хүртэл болгож нэмэгдүүлсэн зэргээр татвар төлөгч таны эрх ашгийг илүү хамгаалсан олон зохицуулалтыг татварын хуулийн хоёр дахь шатны шинэчлэлд тусгасан.
Мөн татварын алба нь ААНОАТ, ХХОАТ, НӨАТ тайлангаар ногдуулсан албан татвараа гурван тусдаа гүйлгээгээр, гурван тусдаа дансанд хийдэг байсныг болиулж, нэг удаа төлбөр төлөх нөхцлийг бүрдүүлж байна.
2016 онд НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлж, цахим төлбөрийн баримт буюу и баримтын систем нэвтрүүлснээр 807,270 татвар төлөгч иргэн уг системд төлбөрийн баримт бүртгүүлэн, сугалаанд хамрагдлаа. НӨАТ-ын урамшууллыг авахдаа татварын албатай 100 хувь цахимаар харилцдаг болсон нь иргэн, татварын алба хоёрын цахим харилцааны том суурь болсон гэдгийг ТЕГ-ын удирдлагууд хэллээ.