Ерөнхий сайдын багийн хэвлэлийн пиар муугүй бололтой. Орон нутагт ажиллаж байгаа Ерөнхий сайдын тухай “Асуудлыг газар дээр нь шийдэж байна. Ай мөн шуурхай яа” хэмээсэн цаасан малгай, цагаан магтаалууд хэвлэлийн хуудсаар өдөр алгасахгүй хөвөрч байна.
Өчигдөр хэвлэлүүдэд мэдээлснээр Ерөнхий сайд хамгийн сүүлд Баянхонгор аймагт ажиллаад тэндээсээ Говь-Алтай аймгийг зорьжээ. Баянхогор аймагт ажиллахдаа Засгийн газраас хэрэгжvvлж байгаа “Малын өвчнөөс урьдчилан сэргийлэх жилийн арга хэмжээ”-ний нээлтийг тус аймагт хийж , иж бvрэн трактор, гар трактор, хонь, ямаа хяргах төхөөрөмж, малын вакцин болон хvн эмнэлгийн хоёр автомашиныг орон нутгийн засаг захиргаанд гардуулан өгсөн байна. Энэ эрчээрээ явбал он дуусахад аймаг болгон нэг нэг трактортай, хүн эмнэлгийн тэрэгтэй болох л юм байна.
Түүнчлэн тус аймагт мод боловсруулах үйлдвэр, дулааны цахилгаан станц, 20 ортой хүүхдийн эмнэлэг барьж өгөх, 960 суудалтай сургуулийн барилгын ажлыг эхлүүлэхээр амлажээ. Сургуулийн барилгад есөн тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэйгээс эхний хэсгийг ирэх оны төсөвт суулгахаар амласан гэнэ. Харин мод боловсруулах үйлдвэр, дулааны станцын санхүүжилтийг хараахан шийдэж чадаагүй бололтой.
Өмнөх өдөр нь Өвөрхангай аймагт ажиллахдаа бас л 60 ортой хүүхдийн эмнэлэг, 320 хүүхдийн сургуулийн барилга, Хужирт суманд цахилгаан станц, Богд суманд шилэн кабел тавихаар болсон байв. Мөн Арвайхээр хотын биеийн тамир спортын газар 40 орчим сая төгрөгийн өртэй байсныг БСШУС-ын сайдын нөөц хөрөнгөөс гаргуулахаар болжээ. Өмнө хэлсэнчлэн мэдээж бүгдийг газар дээр нь шийдсэн.
Ердөө сарын өмнө өмнөд хөршид айлчлаад буцах замдаа Гашуун сухайд, Ганцмодны боомтоор дайрч Хятад руу нүүрс тээвэрлэж байгаа хүнд даацын тэрэгний жолооч нарт 1000 машины зогсоол барьж өгөхөөр амласан байсан. Тэр ч байтугай Ерөнхий сайдыг очиход хоёр терминальтай байсан гаалийн шалган орой буцахад нь гурван терминальтай болчихсон ч гэл үү.
Нэг иймэрхүү л гав шув гэсэн гайгүй Ерөнхий сайд яваад байна гэнэ, цаагуур чинь. Хэрэв тийм бол 21 аймгийн Засаг даргыг бүгдийг нь толгой дараалан огцруулаад Ерөнхий сайд нь өөрөө “цавцаад цавчаад” явчих хэрэгтэй юм. Илүүдээ гарсан хөрөнгө төсөв байгаа биш, тэр олон дарга нарын цалин цавуу, унаа машин, бензин шатахуунд мөнгө гарздаж юугаа хийнэ.
Уг нь бол Засгийн газрын кабинетийг тэргүүлнэ гэдэг У.Хүрэлсүхийн хөдөөгүүр хийгээд яваа ажлаас арай өөр юм л даа. Салбарын яамдынхаа бодлогыг зангидаж, улс орны хөгжлийн бодлого боловсруулах ёстой. Ядаж л боловсруулсан бодлого нь хэрхэн хэрэгжиж, баталсан төсөв нь зүйлдээ зарцуулагдаж байгаа эсэхийг шахаж шаардах хэрэгтэй. Харин тэр сургууль цэцэрлэгийн асуудлыг жилдээ нэг удаа төсвөө батлахдаа л хийчих ёстой. Юуны төлөө жилийн жилд төсвийн хэлэлцүүлэг хийж, хууль хүртэл баталдаг билээ дээ. Түүнийг Ерөнхий сайд ч хөдөлгөх боломжгүй юм.
Бүр харанхуйгаар, хар ухаанаар хэлбэл Ерөнхий сайд гэдэг Засаг дарга нарын Засаг дарга юм. Тэдгээр нөхдийг Ерөнхий сайд томилж, чөлөөлдөг. Тиймээс орон нутагт ажиллалаа, ард иргэдийнхээ амьдралтай танилцлаа гэхэд аль хэн нь яаж ажлаа хийж байгааг иргэдээр, өнгөтөөр яриулаад ажлаа хийхгүй байгаа нэгнийх нь өргөдлийг нь өгүүлээд явах хэрэгтэй шүү дээ. Түүнээс биш өмнүүр нь ороод өөрөө ажлыг нь хийгээд явахыг “мундаг Ерөнхий сайд” гэхгүй. Юуны төлөө тэнд төрийн гүйцэтгэх эрх мэдлийг төлөөлсөн этгээд, шат шатны Засаг дарга нар байгаа билээ.
Дээхэн үед Ерөнхийлөгч Путин төрийн өмчийн бүх компанийнхаа захирлуудыг нэг дор цуглуулж, тайланг нь сонсоод тэр дор нь бүгдийнх нь өргөдлийг нь өгүүлж байлаа. Ажил хийдэггүй, ажлаа мэддэггүй Засаг дарга нартай ч гэсэн ингэж л ажиллах хэрэгтэй шүү дээ. Гэтэл манай Ерөнхий сайд Дундговьд ажиллахдаа албан өрөөндөө 100 саяар засвар хийсэн Засаг даргад ахиад 150 сая төгрөг төсвөөс гаргаж өгөхөөр болоод ирсэн. Сургуулийн засвар хийх гэсэн аймагт нь 150 сая төгрөг байдаггүй гэнэ. Уг нь бол мань эрийг “төсвийн хөрөнгийг үргүй зарсан” хэргээр шууд албанаас нь огцруулаад ял асуух хэрэгтэй байсан юм.
Хариуцлага хэмээн хамгийн чангаар хашгирч гарч ирсэн Ерөнхий сайд маань хариуцлагагүй байдалтай харин нэг л эвлэрэнгүй яваад байна уу, үгүй юу. Өөрөө л бүгдийг (газар дээр нь) шийдээд яваад байгаа хүнийг сайн удирдагч гэдэггүй. Өөрийнх нь оролцоогүйгээр бүгд ажлаа хийдэг тогтолцоог бий болгож чадсан хүнийг сайн удирдагч гэдэг гэнэ лээ.
Б.ЗАЯА
Сэтгэгдэл (12)