Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооноос УИХ-ын гишүүн Х.Болорчулууны санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эсэргүүцэж өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболд:
-"УИХ-ын гишүүн Х.Болорчулууны санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд уралдааны морийг сэрвээний өндрөөр хэмжих, зуны уралдаанд морь унаж уралдах хүүхдийн насны доод хязгаарыг 8 нас, хаврын уралдаанд 14 нас болгож нэмэгдүүлсэн нь уламжлалт морин уралдаан, ёс заншлыг алдагдуулж байна. Хөдөөний малчин уяачдын өв уламжлалыг устгах хуулийн төсөл санаачилж, уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг УИХ-аар хэлэлцэн, хэлэлцэхийг дэмжээд байна.
Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооны зүгээс Хурдан морины уралдааны тухай хуулийг тусад нь баталж, Үндэсний их баяр наадмын морин уралдаанаас бусад уралдааныг зохицуулах шаардлагатай гэж үзэж, хуульд өөрчлөлт оруулах талаар саналаа УИХ-ын гишүүд болон Байнгын хороонд хүргүүлээд явж байгаа" гэв.
Адуу судлаач Н.Санжаадорж
-"Үндэсний морин уралдаан спорт уу, өв соёл юм уу гэдгийг ялгах ёстой. Үндэсний морин уралдаан бол 2010 онд Юнеско-д бүртгэгдсэн соёл. Монгол адууг монгол хүүхэд унаж уралдах буюу үндэсний өв соёлыг хадгалах тухай асуудал яригдаж байна.
Х.Болорчулууны санаачилсан "Сэрвээний хууль" батлагдвал монгол адуу үндэсний их баяр наадамд уралдах боломжгүй болно. Ингээд баяр наадмын соёл үгүй болох бөгөөд энэ бол өв соёл руу халдаж байгаа том гай" хэмээн ярилаа.
Монголын үндэсний морин уралдаан уяачдын холбооны зүгээс УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай өөрийнх нь санаачилсан хуулийн талаар хэлэлцүүлэг, мэтгэлцээн хийж, мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд хүргэх урилга гаргаж байгаагаа мэдэгдсэн юм. Мөн УИХ-ын гишүүдэд уг хуулийн төслийг дэмжихгүй, батлахгүй байхыг уриаллаа.