Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ОУВС-ийн нөхөдтэй хийсэн уулзалтынхаа дүнг тайлагнахдаа “Монголын эдийн засагт үүр цайлаа” гэж залав. Эдийн засагт үүр цайна гэхээрээ яадаг ч юм. Нар мандвал нь бид бас яах болж байна, ямар шинж тэмдэг илэрдэг юм. Монголчууд нийтээрээ уран яруу үгтэй, уянгын халилтай ярьдаг байж болно оо. Гэхдээ улстөрч хүн бас арай нэг баримжаатай цуурах ёстой. Тэгэхгүй ам нээх боломж гарах бүрийд “цэцэн үг цээжинд, цэцэг навч ууланд” гээд бураад байвал амьтны элэг доог л болно.
Ч.Хүрэлбаатарын хэлэх гээд байгаа уг санаа нь “Эдийн засагт эерэг өөрчлөлт гарлаа. Валютын нөөц гурван тэрбум ам.долларт хүрлээ. 2017 оны гүйцэтгэлээр Монгол Улсад 1,1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдлээ” л юм байна л даа. Үүнийгээ л хэлчих хэрэгтэй биз дээ. Юу яасан үүр цайх... Экспортын гадаад, гадаад худалдаа нэмэгдсэн, төсвийн орлого 660 тэрбумаар давж биелсэн, төсвийн алдагдал буурч, төрийн сангийн үлдэгдэл нэмэх цикл рүүгээ орсон нь хэний гавьяа вэ?
Энэ янзаараа бол эдийн засагт хямрал нүүрэлсэн нь үнэн ч юм уу, худлаа ч байсан юм уу? Үнэн байлаа гэхэд хямралын эсрэг бодлогыг хэн авч хэрэгжүүлсэн билээ гэдгийг бас санах ёстой. Он солигдохоос сарын өмнө байгуулагдсан У.Хүрэлсүхийн Засгийн газар лав биш. Харин “Эдийн засгийг элгээр нь хэвтүүлчихлээ. Иргэдийн амьдралыг сүйрүүллээ” гэсээр байгаад огцруулсан Ж.Эрдэнэбатын Засгийн газар олон нийтэд хараалган байж ОУВС-г урьж авчирсан гэдгийг мартаж болохгүй. Энэ нь тэгээд зөв бодлого байсан бол эргээд уучлал гуйх хэрэгтэй болж байна, У.Хүрэлсүхийн Засгийн газар. Тийм байтал “Эдийн засгийн зөв бодлого явуулж, тууштай арга хэмжээ авбал богино хугацаанд сэргэж болдгийг харууллаа” гэх эрх энэ Засгийн газарт лав байхгүй.
Яг үнэндээ бол өнгөрсөн хоёр сарын хугацаанд монголчууд, ялангуяа Засгийн газар юуг ч шинээр бүтээгээгүй. Тиймээс эдийн засгаа сэргэсэнд монголчуудын, тэр дундаа Засгийн газрын ач гавьяа гэж байхгүй. Үүнийгээ хүртэл заавал гаднынхнаар хэлүүлэх хэрэг байсан юм уу? Монголын эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн гол чухал зүйл нь дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлт байсан гэдгийг яагаад заавал валютын сангийн нөхөд хэлэх ёстой юм. Зүгээр л газраа ухаад зарж байгаа алт, зэс хоёрынх нь үнэ зах зээл дээр жаахан өссөнөөс өөр ямар ч өөрчлөлт алга байна шүү дээ. Үүнийг хэний гавьяа гэж үзэх вэ? Засгийн газар ямар өөрчлөлт хийсэн юм. Өөрсдөөсөө ичдэггүй юм гэхэд ядаж өрөөл бусдаас, гаднынхнаас ичих хэрэгтэй биз дээ.
Валютын сангийнхны хэлсэн бас нэг анхааруулга бий. Эдийн засагт нааштай үзүүлэлт гарсан гээд цаашид энэ хэвээр хадгалагдана гэх баталгаа байхгүй шүү. Эрсдэл нүүрлэсэн хэвээр байгаа шүү. Экспортын эрэлт огцом буурах, дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсөхөд дахиад том эрсдэл ирнэ ээ. гэж. Энэ тухай ч гэсэн яагаад манай Засгийн газар биш, валютын сангийнхан санаа зовох ёстой юм. Яагаад монголчууд өөрсдөө ярьдаггүй юм. Тэрбум ам.доллараар нефтийн үйлдвэр барина, боловсролын салбарт урьд хожид байгаагүй хөрөнгө оруулалт хийнэ гэсэн Засгийн газрын амлалтыг одоо хэн залруулах вэ? Дахиад л валютын сан уу? Улстөрчид минь, үгээ мэдэж л ярьцгаая.
Б. Сэмүүн