2024-2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын бие даалтын 7 хоног нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад энэ сарын 31-ний өдрөөс эхэлж, дөрөвдүгээр сарын 4-нийг дуустал үргэлжилнэ. Энэ хугацаанд сурагчид сургуулийн танхимын бус орчинд амьдралын аюулгүй байдлын мэдлэг, чадварыг эзэмших, бие махбод, оюун ухаанаа хөгжүүлэх хөтөлбөрүүдэд хамрагдах юм.
Бие даалтын долоо хоногийн хүрээнд сурагчид “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийн дагуу гамшиг, осол, аюулын үед өөрийгөө болон бусдыг аврах анхан шатны мэдлэг, дадал олгох сургалтад хамрагдана. Энэхүү сургалтыг аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтэс, аврах ангитай хамтран зохион байгуулахаар Боловсролын ерөнхий газар төлөвлөжээ.
Мөн сурагчид энэ хугацаанд музей, соёл урлагийн тоглолт үзэх, спортоор хичээллэх зэргээр чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх танхимаас гадуур хөгжүүлэх үйл ажиллагаанд оролцох боломжтой.
Бие даалтын хугацаа дууссаны дараа дөрөвдүгээр сарын 7-ноос сурагчид амарч, дөрөвдүгээр сарын 14-ний даваа гарагт хичээл хэвийн үргэлжилнэ.
Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар.